Б.Чойжилсүрэн: Сайд нарын урсгал зардлыг 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-11 15:26:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцуулсан юм. Тэрбээр ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх бодлогын арга хэмжээний хүрээнд төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн алдагдлыг үе шаттай бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор хуулийн төслүүдийг боловсруулсан хэмээн онцолсон. Тэрбээр, “ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд уул уурхайгаас  төсвийн орлогын хамаарлыг бууруулах, нийгмийн халамжийн зардлыг хүн амын орлого багатай зорилтот бүлэгт чиглүүлэх, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх, цалин хөлсийг төсвийн боломжтой уялдуулахаар төсвийн тодотголын төсөлд тусгасныг танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, О.Баасанхүү, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. ОУВС-гаас төсвийн зарлагыг бууруулах шаардлага тавьсан. Гэвч тодотголд Засгийн газрын гишүүдийн урсгал зардал нэмсэн байгааг хэлээд шалтгааныг нь тодруулав.

Мөн Хүүхдийн мөнгийг нийт хүүхдүүдийн хэдэн хувьд олгох талаар тодруулсан.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Сайд нарын урсгал зардлыг нийт 78 тэрбум төгрөгөөр бууруулж тусгасан. Өмнөх онд хөрөнгө оруулалт хэд хэдэн эх үүсвэрээс санхүүждэг байсныг зогсоон Засгийн газар, Хөгжлийн банкны хоорондын өр авлага, тооцоог салгасан. Ингэснээр хөрөнгө оруулалт нэг эх үүсвэрээс буюу улсын төсвөөс санхүүждэг болж Хөгжлийн банкнаас санхүүжихээр тусгагдаад байсан зардлыг сайд нарын төсвийн багцад шингээн тусгасан нь зардал нэмэгдсэн мэтээр харагдаад байгаа” гэлээ.

Хүүхдийн мөнгийг яг хувьд нь олгохыг хараахан тогтоогоогүй гэдгийг ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэллээ. Тэрбээр, “Орон даяар явуулсан Өрхийн амьжиргааны түвшинг тогтоох судалгаа явуулж дууссан. Өрхийн амьжиргааг 0-1000 оноогоор дүгнэх бөгөөд 501-ээс доош оноо авсан өрхийн 0-18 насны хүүхдүүдэд 20 мянган төгрөг олгоно. Судалгааны дүн гарсны дараа хэчнээн хүүхдэд хүүхдийн мөнгө, хүнсний талон олгох тоо тодорхой болно” хэмээв.

Ийнхүү гишүүдийн санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news