Тодотголоор төсвийн болон мөнгөний бодлогын алдааг засч авах нь чухал гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-04-06 11:25:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, “Төсвийн тодотголыг бүхэлд нь эсэргүүцэж байна. ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар маш их хэмжээний зээл авах нь. Үүнийгээ юунд зарцуулах нь тодорхойгүй байна. Мөн татварын ачаалал нэмэгдэх нь. Төр өөрөө хэмнэлтийн бодлого явуулах ёстой байтал маш их сул орон тоотой ажиллаж байна. Төр илүү хэрэглээгээ танах, зарим санхүүжилтийг царцаах хэрэгтэй. Яагаад өнөөдөр 6 нэр төрлийн татвар нэмж байгаа юм бэ. Татварыг нэмэхгүй, цалин тэтгэвэр нэмнэ гэсэн танай намын амлалт худлаа амлалт байсан юм уу” гэсэн асуудлыг тодруулахад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “ОУВС-аас авах 400 сая ам.долларыг Монголбанкны нөөцийг нэмэгдүүлэхэд зориулна. Бусад зээлийг 2017-2019 оны төсвийн алдагдлыг арилгахад зориулах юм. Төр өөрөөсөө хэмнэлт хийсэнгүй гэж шүүмжилж байна. 2012 онд төрийн албан хаагчдын тоо 142 мянга байсан. Биднийг ажлаа авахад 180 мянга болсон байсан. Эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед олон хүнийг ажилгүй болгох нь хүнд. Тиймээс тэтгэвэрт гарсан төрийн албан хаагчдын оронд хүн авахгүй. Эмнэлэг, боловсрол, онцгой байдал зэрэг байгууллагаас тэтгэвэрт хоёр хүн гарвал нэг хүнийг ажилд авахаар ОУВС-тай тохироод байна” гэсэн тайлбар хийв.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл,“Тэтгэврийн насыг нэмэх асуудлыг иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй. Өнөөдөр 55-тай эмэгтэй, 60-тай эрэгтэй тэтгэвэрт гарч байгаа. Хүсвэл тухайн ажилтан таван нас нэмж ажиллаж болдог өнөөгийн үйлчилж байгаа хуулиа бүрэн хэрэгжүүлэх нь зүйтэй” гэсэн санал хэлэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Тэтгэврийн нас, шимтгэлийг нэмэгдүүлэх нь зайлшгүй болоод байна. Тэтгэврийн сан энэ онд 578,3 тэрбум төгрөгийн татаас авна. Цаашилбал 2,3 их наяд төгрөгийн татаас авах түвшинд очихоор байна. Ийм их хэмжээний алдагдалтай байгаа учраас бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй болоод байна. Хэрэв энэ гажуудлыг арилгахгүй бол хөгжлийн тухай цалин хөлс нэмэх тухай ярина гэхэд төвөгтэй” хэмээв.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар, “Ээлжит бус чуулганаар төсвийн тодотголоо хурдан шийдэх байсан юм биш үү. Өртэй компаниудыг яагаад хувьчлахгүй байна вэ” гэхэд Ерөнхий сайд Д.Эрдэнэбат, “ОУВС-д хамрагдана гэдгийг бид зарласан. Мөн иргэд, аж ахуй нэгжийн нуруун дээрх ачааллыг бууруулах шаардлагатай байсан учир ээлжит чуулганаар хэлэлцэж байна. Эдийн засаг сайжирсан тохиолдолд хувьчлал явуулна. Одоо хувьчлал явуулбал үнэ ханшийн хувьд өсөхгүй, үнэгүйдэх магадлал өндөртэй” хэмээн хариулсан.

УИХ-ын гишүүн С.Чинзориг, “2000 онд манай улс ОУВС-д орсон. Хөтөлбөрт хамрагдсаны дараа орлого багатай иргэд ихээхэн хохирсон. Нийгмийн халамжийн одоогийн хүрсэн түвшингээс доогуур заалтууд орж ирэхгүй биз. Тэтгэврийн насыг нэмэх дээр эсрэг саналтай байна. Одоогийн хуулиар эмэгтэйчүүд өөрөө хүсвэл 60 нас хүрч тэтгэвэрт гарах эрхтэй. Захиргааны санаачилгаар халахаа л болих хэрэгтэй” гэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, “Бид нийгмийн эмзэг хэсгийнхний амьдралд бага нөлөөлөхөөр татвар нэмэгдлийг тооцсон. Цаашид бага орлоготой иргэдэд чиглэсэн заалтууд орж ирэхгүй. 2015 оны байдлаар эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64,7, эмэгтэй нь 73,5 байна. Ирэх жилүүдэд наслалт өндөрсөх юм билээ” гэв.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, “Төсвийн тодотгол нэг удаагийн гал унтраах арга хэмжээ биш байгаасай. Өнгөрсөн хугацааны мөнгөний болон төсвийн бодлогын алдааг засч авах нь чухал” гэсэн асуудлыг гаргаж тавьсан юм.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Related news