Олон жил завсардсан ширээний теннисний аймгийн аваргын тэмцээн болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болон зохион байгуулахаар болсон байна.
Сэлэнгэ аймагт Биеийн тамир спортын салбар үүсч хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Энэ их ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордноос спортын олон чухал ажил арга хэмжээ зохион байгуулж байгаа юм. Үүний нэг жишээ нь олон жил завсардаад байсан ширээний теннисний аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан явдал байв.
Энэ сарын 18-ны өдөр буюу эр цэргийн бахархалт өдрөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур сумд, Түнхэл тосгоны эрэгтэй 25, эмэгтэй 10 тамирчин оролцжээ. Олон жилийн дараа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой энэхүү ширээний теннисний аймгийн аваргаар эрэгтэйчүүдээс Хөтөлийн Б.Ууганбаяр, эмэгтэйчүүдээс Сүхбаатар сумын Б.Одгэрэл, холимог хосын төрөлд Сүхбаатар сумын Г.Мягмарсүрэн, А.Алтан-Очир нар тодорч, Сэлэнгэ аймгийн аварга теннисчид болсон байна.
Ч.Отгонцэцэг