Цасанд шуурганд төөрч, осгох явдал гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2017-03-24 16:57:11

Завхан/МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд орсон цас, цасан шуурганаар Завхан аймагт төөрсөн, осгосон, цасанд суусан  тохиолдлууд гарчээ.

Тодруулбал  Баянхайрхан сумаас Нөмрөг сумын чиглэлд 83-48 ЗАА улсын дугаартай, хоёр хүнтэй Портер маркын автомашин Нөмрөг сумаас 33 км зайтай Агуйтын дөрөлж гэдэг газар автомашин нь цасанд суужээ. Тус автомашинд зорчиж байсан иргэн А.Хүрэлбаатар /62 настай эрэгтэй/ Нөмрөг сум руу явж татах машин олж ирэхээр гуравдугаар сарын 20-ны 03 цагийн орчимд яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 14:15 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Ингээд Завхан аймгийн Нөмрөг сум дахь цагдаагийн хэсгээс ажлын хэсэг гарч тус иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гуравдугаар сарын 14:50 цагт Нөмрөг сумаас цагдаагийн хэсгийн төлөөлөгч дэслэгч Б.Эрдэнэбатаар ахлуулсан дөрвөн хүн нэг автомашинтай эрэн хайх ажиллагааг Нөмрөг сумын төвөөс Баянзүрх багийн нутаг Агуйтын дөрөлж гэдэг газар хүртэл зохион байгуулж  гуравдугаар сарын 21 ний өдрийн 21:15 цагт сумын төвөөс баруун зүгт 15 км-т “Сант толгойн ар” гэдэг газраас нас барсан байдалтайгаар олсон харамсалтай хэрэг гарчээ.

Мөн гуравдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн “Хар ам” гэдэг газар сумын төвөөс 15 км-т  долоон зорчигчтой  67-79 ЗАН улсын дугаартай Пажеро загварын автомашин цасанд суусан тухай дуудлагыг аймгийн Онцгой байлын газар хүлээн авчээ. Ингээд орон нутгийн гурван иргэн, нэг автомашинтай ажиллаж, автомашиныг татан гаргаж иргэн Ш /50 настай, эрэгтэй/, З /25 настай, эрэгтэй/,  Н /45 настай, эмэгтэй/, Ц /54 настай, эмэгтэй/, Б /16 настай, эрэгтэй/, П /42 настай, эмэгтэй/, О /2 настай, эрэгтэй/ нарыг аюулгүй газар хүргэсэн байна.

Мөн Дөрвөлжин  сумын төвөөс 20км зайтай Буурал багийн нутаг Буга уулын ар гэдэг газар хаваржиж байгаа иргэн Л.Сосорбарам /34 настай, эмэгтэй/ гуравдугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим малдаа яваад төөрсөн тухай дуудлагыг мөн өдрийн  22:18 цагт хүлээн авчээ. Ингээд Дөрвөлжин сумын ЗДТГ-аас дөрвөн хүн, сумын эмчтэй нийт зургаан хүн, нэг автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус иргэнийг гэрээсээ хойд зүгт таван км зайтай Буурал багийн нутаг Цахир гэдэг газраас осголтын байдалтай олж сумын эмнэлэг рүү авч явсан. Одоогоор иргэн Л.Сосорбарамын биеийн байдал сайн сумын эмнэлэгт эмчлүүлж байна. Цаашид цаг агаар шөнөдөө хүйтэн зарим газраар цасан болон шороон шуургатай тул малчид иргэд, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж замд гарахыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Б.Мягмарсүрэн

Related news