Дархан хотод 100 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-18 00:56:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын үйлчилгээг төрийн бодлогод нийцүүлж иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэж улмаар сургууль цэцэрлэгийн тоог нэмэгдүүлж, хүүхдийн ая тухтай орчныг бүрдүүлнэ гэж тусгасан.

Энэ зорилтын хүрээнд Дархан сумын Тдугаар багийн нутагт 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг нээлтээ хийв. Нээлтэд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг дарга нарын аймгийн удирдлагууд оролцлоо.

 2016-2017 оны хичээлийн жилд тус аймгийн сургуулийн өмнөх боловсролын 43 байгууллагад нийт 7852 хүүхэд хамрагдаж байна. Сүүлийн таван жилийн байдлаар тус аймагт төрийн өмчийн зургаа, хувийн хэвшлийн 16 цэцэрлэг шинээр байгуулагдаж сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90,2 хувьд хүрч 17 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Шинээр ашиглалтад орсон Дархан сумын 25 дугаар цэцэрлэгийн барилгын ажил өнгөрсөн оны наймдугаар сард эхэлж 12 дугаар сарын 25-нд улсын комисс хүлээн авч сургалтын орчинг бүрдүүлж дуусаад баасан гарагт ашиглалтад орж байгаа нь энэ аж.

Уг цэцэрлэгийн барилгын ажлыг барилга угсралтын “Жинсий орой” ХХК 1,3 тэрбум төгрөгийн Концессийн гэрээгээр хийж гүйцэтгэжээ.

                                                                                                                                                      Б.Норовсамбуу

Related news