Бургас түлээнд хэрэглэхийг хориглов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2017-03-16 01:11:04

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж батлав.

Тус аймгийн хэмжээнд энэ онд ойн арчилгааны огтлолт, ойн цэвэрлэгээ явуулах замаар хэрэглээний болон түлээний мод бэлтгэх модны дээд хязгаар, талбай тусгаарлалтын хэмжээ, ойн сангийн ашиглах нөөцгүй сумдын мод модон материалын хэрэгцээг хангах сумын нэрсийг хэлэлцсэн юм. Тухайлбал: Аймгийн хэмжээнд 2017 онд ойгоос бэлтгэх хэрэглээний модны дээд хязгаарыг 526 га талбайгаас түлээний модны дээд хязгаарыг  9700 метр куб, хэрэглээний модыг 2860 метр. куб байхаар тогтоолоо. 

Мөн үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат сумдын Засаг дарга нарт ойгоос мод бэлтгэхдээ батлагдсан дээд хязгаарт багтааж арчилгаа цэвэрлэгээ огтлолтыг ойн мэргэжлийн байгууллага, нөхөрлөлүүдээр хийлгэж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас оруулсан саналд 300 ш/метр бургасыг түлээнд хэрэглэхээр тусгасан байсныг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид үл зөвшөөрч усны эх ундаргын дагуу ургадаг бургасыг түлээнд хэрэглэхийг хориглох нь зүйтэй гэж үзлээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news