“Ногоон хувьсгал-3” дэд хөтөлбөр хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /MOНЦАМЭ/. “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Хүнс хөдөө аж ахуйн бодлого”-гын хүрээнд “Ногоон хувьсгал-III” хөтөлбөрийг Хүнс, Хөдөө аж ахуйн газраас боловсруулж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулав.
“Ногоон хувьсгал-II” хөтөлбөрийг 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газраас орон нутгуудад хэрэгжүүлсний үр дүнд өрхийн тариалан эрхлэгчдийн тоо дөрвөн мянгад хүрч, тариалах талбай нэмэгдэж хураасан ургацын хэмжээ өсч аймгийнхаа хүн амыг төмс, хүнсний ногоогоор хангаснаар өрхийн бодит орлого нэмэгджээ. 1980-аад онтой харьцуулахад тариалсан талбайн хэмжээ дөрөв дахин, хураасан ургацын хэмжээ хоёр дахин өссөн байна. Мөн 2016 онд төмс 7422 тн, хүнсний ногоо 15298 тн хураан авсан нь 2005 оноос төмс 4536.1тн буюу 1.5 дахин их, хүнсний ногоо 3315.6 тн буюу 27.6 хувиар нэмэгдэж үйлдвэрлэл эрхэлж байгаа өрхийн тоо 12,3 хувиар өсчээ. Энэ нь 2005-2012 онд өрхийн орлогыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулж хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор хэрэгжүүлсэн “Ногоон хувьсгал-II” үндэсний хөтөлбөрийн үр дүн юм. Тиймээс гарсан үр дүнг тогтворжуулж хүнсний ногооны үйлдвэрлэлийг өрхийн тариаланд тулгуурлан хөгжүүлж нэгж талбайн ургацыг нэмэгдүүлэхийн тулд “Ногоон хувьсгал-III” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд хураасан ургацыг “Ченж”-үүдийн гар дамжуулахгүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэж хадгалалтын нөхцлийг сайжруулж механик зоорийг олноор байгуулах санал гаргав. Уг дэд хөтөлбөрийг “Ногоон хувьсгал” гэж нэрлэсэн зорилгын хүрээнд төмс, хүнсний ногооны тариалалт, хадгалалт, борлуулалтыг зохицуулах бодлогод дэвшилтэд шинэ санаануудыг хэрэгжүүлэх тухай санал гарлаа. Ингээд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар “Ногоон хувьсгал-III” дэд хөтөлбөрийг баталж хэрэгжилтийг нь хангуулахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлэхээр боллоо.
Б.Норовсамбуу