Футзалын “Үндэсний цом-2017” тэмцээний нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагддаг Футзалын “Үндэсний цом-2017” тэмцээн Дархан-Уул аймагт энэ сарын 18-нд эхлэж Спортын ордонд нээлтээ хийлээ.
Нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, Монголын Хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир, Дархан-Уул аймгийн Хөл бөмбөгийн холбооны нарийн бичгийн дарга С.Жаргалсайхан болон баг тамирчид оролцлоо. Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатын ахалсан ажлын хэсэг, Монголын хөл бөмбөгийн холбооноос томилогдсон комисс удирдаж энэ сарын 17-23-ний өдрүүдэд уг тэмцээнийг зохион явуулж байна.
Уг тэмцээнд 18 аймгийн шигшээ багийн 300 гаруй тамирчид холимог системээр тоглож, аваргаа тодруулна. “Тэмцээнийг зохион явуулснаар аймгуудын шигшээ багуудын дунд спортын өрсөлдөөнийг бий болгохын хамт тухайн аймаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэж хөлбөмбөгийн баг тамирчдаа дэмждэг нөхөрсөг харилцааг бий болгоход гол зорилго нь оршино” гэж аймгийн Засаг дарга С.Насанбат нээлтийн үеэр онцлов.
Тус аймагт энэ онд Азийн Хөлбөмбөгийн холбооны санхүүжилт болох 100 мянган долларын хөрөнгө оруулалтаар 20х40 хэмжээтэй хөлбөмбөгийн мини талбай байгуулахаар болжээ.
Б.Норовсамбуу