Нүүрстөрөгчийн хийгээр хүнсний сод хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2017-01-05 15:04:49

ШИНЭ ДЕЛИ./Technologyreview/. Энэтхэгийн өмнөд нутгийн Тутикорин хотын оршин суугчид хөөлт муутай бялуу дахин идэхгүй нь. Учир нь тус хотын нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц нүүрстөрөгчийн давхар ислийг агаараас шүүн, хүнсний сод хийдэг болжээ.

Нүүрстөрөгчийг шүүж авах арга бол тийм ч шинэ зүйл биш юм. Нүүрстөрөгчийн давхар ислийг шүүхийн тулд амин зэрэг уусгагчийг ашигладаг ажээ. 

Тутикорин хотын үйлдвэрт суурилуулсан систем нь “Carbon Clean Solutions” компанийн бүтээсэн патентлагдсан шинэ уусгагчийг ашигладаг гэж “Guardian” сонинд мэдээлжээ. Энэ уусгагч нь ердийн уусгагчийг бодвол илүү үр дүнтэй бөгөөд эрчим хүч бага хэрэглэдэг, жижиг оврын аппарат төхөөрөмж шаардлагатай байдаг байна. Харин цуглуулсан нүүрстөрөгчийн хийгээр хүнсний сод хийдэг бөгөөд тус үйлдвэр жилд дунджаар 66 000 тонн орчим хий хуримтлуулдаг аж.

Үр ашгийн хувьд ийм хэмжээний хийг цуглуулснаар олох ашиг нь санхүүгийн татаас авалгүйгээр үйлдвэрийг ажиллуулахад хангалттай хүрэлцдэг байна. Тус үйлдвэр нь нүүрстөрөгчийн хийг хэрэглээний зорилгоор шүүж авахын тулд гаднаас татаас авдаггүй анхны үйлдвэр юм.

Д.Нямтулга

 

Related news