Гадаадын иргэн болоод цахим сүлжээтэй холбоотой гэмт хэргүүд шинээр бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Цагдаагийн газраас жил болгон оны ажлаа сар, улирал хагас болон бүтэн жилээр нь тайлагнадаг. 12 дугаар сарын 28-ны өдөр энэ оны ажлын тайлангаа аймаг орон нутгийн удирдлагуудад танилцууллаа.
Өнгөрөгч 2016 он Цагдаагийн газрын хувьд ололт ажилт ихтэй жил болж өнгөрлөө. Гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг хамгаалах зэрэг үндсэн үүрэгт ажлаа хангалттай сайн биелүүлсэн. Аймгийн Цагдаагийн газрын гэмт хэргийн илрүүлэлт 85 хувьд хүрсэн нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна. Энэ бол манай хамт олны ажлын томоохон үзүүлэлт юм. Улиран одож буй 2016 онд бид олон бүтээлч ажлуудыг хийлээ. Ирж буй 2017 ондоо ч мөн өндөр үр бүтээлтэй ажиллах зорилт тавин ажиллаж байна. Хамгийн гол дутагдал болох албан хаагчдын харилцаа хандлагыг дээшлүүлэх тал дээр голлон ахнаарах болно хэмээн аймгийн ЦГ-ын дага, дэд хурандаа Н. Лхагвасайхан хэллээ.
2016 онд Сүхбаатар аймгийн хэмжээнд 367 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна. Энэ нь өнгөрсөн оныхтой ижил түвшинд байна. Гадаадын иргэн болоод цахим сүлжээтэй холбоотой гэмт хэргүүд шинээр бүртгэгдсэн гэдгийг ЦГ-ын Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Г. Ганхуяг танилцууллаа.
Харин Замын цагдаагийн тасгаас аймгийн төвийн бүх зам дээр шаардлагатай тэмдэг тэмдэглэгээг энэ онд хийснээр аюулгүй орчинг бүрдүүлэх гол нөхцөл болсон гэж байна. 2016 онд зам тээврийн ослын гаралт өмнөх оноос хоёроор буурсан боловч ослын улмаас амь насаа алдсан хүний тоо дөрвөөр нэмэгджээ.
2016 онд аймаг орон нутгийн зүгээс цагдаагийн байгууллагад 60 орчим сая төгрөгийг төсөвлөсөн. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр олон нийтийн цагдаа ажиллуулахаар 17 сая төгрөг, цагдаагийн алба хаагчдын хэвийн үйл ажиллагааг хангах үүднээс 15 сая төгрөг, мөн сургалт сурталчилгаа, замын тэмдэг тэмдэглэгээнд 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. төсвийн орлогын тасралттай холбоотойгоор одоогоор 24 сая төгрөг нь ороогүй байгаа юм байна.
Т. Одончимэг