Сүхбаатар аймгийн малын тоо 40,6 мянгаар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-27 16:45:21

Сүхбаатар аймагт мал тооллогын ажил амжилттай явагдаж,  урьчилсан дүнг албан ёсоор танилцууллаа. Энэ жил Сүхбаатар аймгийн мал 3 сая 29,7 мянга болж урьд оноос 40,6 мянга буюу 1,3 хувиар буурчээ.

Ингэж малын тоо буурах блсон шалтгаан нь нэгдүгээрт өнгөрсөн хавар цаг уурын нөхцөл байдал хүндэрч 181,6 мянган толгой мал хорогдсон, хоёрдугаарт Монголчуудын эрт дээр үеэс ярьж  ирсэний дагуу бичин жилийн өвөл хүнд жил болно гэдэг ойлголтоос болж малчид муу малаа нядалгаанд их хэмжээгээр оруулсантай холбоотой хэмээн дүгнэж байна гэдгийг  аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т. Эрдэнэбат хэллээ.

Сүхбаатар аймгийн мал энэ онд  адуу, хонь гэсэн хоёр төрөл дээр өсч, үлдсэн гурван төрөл дээрээ буурсан байна. Адуу хамгийн ихийг тоолуулсан бөгөөд 274,6 мянгад, хонь 1 сая 541,6 мянгад хүрчээ.

Малын тоог сумдаар авч үзвэл Мөнххаан сум аймагтаа тэргүүлч, Баруун-Урт, Баяндэлгэр, Түвшинширээ, Эрдэнэцагаан сумд удаалж эхний таван байранд оржээ.

Эрдэнэцагаан сум малаа таван төрөл дээр, Асгат, Мөнххаан сумд дөрвөн төрөл дээр, Баруун-Урт, Дарьганга, Сүхбаатар, Түмэнцогт, Халзан зэрэг сумд  гурван төрөл дээр, Түвшинширээ, Уулбаян сумд хоёр  төрөл дээр, Наран сум нэг төрөр дээр  өсгөж, Баяндэлгэр, Онгон сумдын мал таван төрөл дээрээ буурчээ.

Мянгаас дээш мал тоолуулсан өрх 553 болж урьд оноос 23 өрхөөр буурсан байна. Үүний дотор 1000-1499 малтай өрх 446, 1500-2000 малтай өрх 80, 2001-ээс дээш малтай өрх 27 болж өссөн байна.

Монгол Улсын хувьд энэ онд нийт 61,5 сая мал тоолуулсан бөгөөд мал таван төрөл дээр өссөн гэсэн урьдчилсан дүн гарсан. Сүхбаатар аймаг нийт малынхаа тоогоор Монгол Улсад 12-т эрэмблэгдэж байна. Адуун сүргийнхээ тоогоор улсад  тав дугаарт, үхэр болон тэмээний  тоогоор тус бүр ес дүгээрт, нийт хонины тоогоор найм дугаарт, ямааны тоогоор 14 дүгээрт эрэмбэлэгдэж байна.  Харин Баруун-Урт  сумын 8-р баг Монгол Улсын 1500 гаруй багийг нийт малынхаа тоогоор тэргүүлсэн хэвээр байна.

Т. Одончимэг

Related news