Ховор номын цуглуулгаасаа бэлэглэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төв номын санд аймгийн төр, захиргааны ахмад ажилтан Баанийн Өлзийбаян ховор номын цуглуулгаасаа бэлэглэлээ.
Тэрээр Цэндийн Дамдинсүрэнгийн нэрэмжит аймгийн төв номын сангийн идэвхтэн уншигч төдийгүй, уран бүтээлч хүн юм. Тэрээр сүүлийн үед хүүхэд залуус номын сангаар үйлчлүүлэх нь багасч, номтой нөхөрлөх нь ховордож цахим мэдээллийн урсгалд автаж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж байсан.
Энэ удаагийн оюуны хандив нь Б.Өлзийбаянгийн хувьд хоёр дахь удаагийнх юм. Энэ удаад өөрийн туурвисан “Нутгийн өөрийн удирдлага”,” Баргажин”, “Дорнод барга ястан”, “Дорнодын Монгол Ардын Намын байгууллагын Хөх судар хэмээх түүхэн товчоон” зэрэг Дорнод аймагтай холбоотой олон ном багтсан нь онцлог гэж хэлж болно.
-Улс, орон нутгийн төсөв хүндхэн байгаа энэ үед номын сан маань оюунлиг хүмүүсийн ханвивласан номоор улам бүр баяжиж байгаад баяртай байна. Манай номын сангийн хувьд шинээр гарч буй номыг тэр болгон авч чадахгүй байгаа энэ үед сэтгэл гарган аймгийнхаа номын фондыг баяжуулсан нь бусдад үлгэр дууриал болох сайн үйлс юм гэж энэ үеэр Дорнод аймгийн төв номын сангийн дарга Ж.Цагаан ярьж байлаа.
Б.Туяа