"Дарьганга өртөө" хоршоо оны шилдэг байгууллагаар тодорчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРХот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Дарьганга өртөө" хоршоо үүсгэн байгуулагдаад таван жил болжээ. Тус хоршоо нь таван жилийн хугацаанд 3745 удаагийн рейсээр 72530 зорчигчийг осол авааргүй, аюулгүй тээвэрлэсэн байна.
Үүний зэрэгцээ улсын төсөв болон аймаг орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө оруулж ирсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш Авто тээврийн үндэсний төвд 61,4 сая, орон нутгийн төсөвт 68,5 сая төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Мөн 25 хүнийг тогтмол ажлын байраар хангаж байна. Иймээс аймгийн ХАҮТ-аас тус хоршоог 2016 оны аймгийн шилдэг үйлчилгээний байгууллагаар шалгаруулжээ.
2011 онд юу ч үгүй байсан цагаан тал дээр хүсэл сонирхол нийлсэн хэсэг залуус нэгдэн бага оврын найман автобустай үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө том оврын 45 хүний судалтай найман автобустай, өөрийн гэсэн гаражтай, засварын газартай, албан конторын байртай болж бүхий л стандарт шаардлагыг хангасан өртөө болон өргөжсөн байна. "Материаллаг баазын хувьд бэхжсэн, ажиллах хүчин нөөц байна. Тиймээс цаашид ард иргэдийнхээ ая тухтай, сэтгэл амар зорчих нөхцөл бололцоог дээшлүүлэхийн төлөө илүү хичээн ажиллах болно" хэмээн Дарьганга өртөө хоршооны гүйцэтгэх захирал Д.Баяржаргал хэллээ.
Аймаг орон нутгийн зүгээс дотоодын хоршоогоо түлхүү дэмжих бодлогыг барьж, мөрийн хөтөлбөртөө тодорхой тусган ажиллаж байгааг аймгийн засаг даргын орлогч Т. Амарбаясгалан танилцууллаа. Үүнийг хоршооны хамт маш баяртайгаар хүлээн авч байсан юм. Учир нь Сүхбаатар аймагт зорчигч тээврийн гурван компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хоёр нь Улаанбаатар хотынх. Тус хоёр компанийн зорчигч тээвэрлэх давтамжийн тоо "Дарьганга өртөө " хоршооноос илүү байдаг. Энэ асуудлыг шийдүүлэхээр хоршооны зүгээс олон жил ярьж хөөцөлдсөн боловч дорвитой шийдэгдсэн зүйл байгаагүй юм.
"Дарьганга өртөө" хоршоо нь хот хоорондоос гадна ОХУ, Улан-Үдэ хот, БНХАУ-ын Улиастай, Шилийн гол зэрэг аймгууд руу улс хоорондын чиглэлд зорчигч тээвэрлэж байна.
Т. Одончимэг