“YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд хамтран ажиллана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-12-06 12:42:06

НЬЮ-ЙОРК. /TASS/. “YouTube”, “Facebook”, “Twitter”, “Microsoft” компаниуд цахим террорист ажиллагаатай тэмцэх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар тохиролцжээ.

"Харгислалыг харуулсан зураг, террористуудыг элсүүлэх зорилго бүхий дүрс бичлэг зэрэг хэт давруу үзлийг сурталчилсан контентууд цахим ертөнцөд тархахаас сэргийлэх зорилгоор дижитал “хурууны хээ” буюу “хэш” бүхий мэдээллийн нэгдсэн сан байгуулахаар төлөвлөж байна. Ийм төрлийн мэдээллийг харилцан солилцох нь цахим терроризмтой тэмцэхэд тус дөхөм болно" гэж мэдэгдэлд дурджээ.

"Терроризмыг сурталчилсан зураг, дүрс бичлэгүүдийн хэшийг бид харилцан солилцож эхэлнэ. Компаниудын мэдээллийн санд бүртгэгдсэн террорист агуулга бүхий зураг, дүрс бичлэгийн хэшийг бүртгэлийн санд оруулснаар тус дөрвөн компанийн бодлогод харшлах контентуудыг өөрийн үйлчилгээнээс хасах боломжтой болох юм" гэж тус дөрвөн компанийн удирдлагууд мэдэгдлээ.

Компани тус бүр дүрс бичлэг, зургийн хэшийг бие даан тодорхойлж, нэгдсэн мэдээллийн санд оруулах юм. Тохирсон контент автоматаар устахгүй ажээ.

Нэгдсэн мэдээллийн сан байгуулахад чиглэсэн энэ алхам нь ямар зорилготой вэ гэдгийг мэдэгдэлд дурдаагүй боловч “Лалын улс” бүлэглэл террорист агуулга бүхий контентуудыг цахим ертөнцөд түгээж байгаагийн эсрэг тэмцэхэд тусална уу гэж АНУ-ын Засгийн газар дээрх дөрвөн компаниас хүссэн тухай өнгөрсөн хоёрдугаар сард хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Д.Нямтулга

 

Related news