Цас мөс цэвэрлээгүй байгууллагад хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-11-28 23:08:09

Дархан-Уул аймгийн аж ахуйн нэгж байгууллагуудын орчинд цас их орсонтой холбогдуулж орчин, зам талбай нь тухайн байгууллагуудаар үйлчлүүлэхээр очсон иргэдэд хальтиргаа гулгаа үүсч хүндрэл учруулж байгаа тухай гомдол их гарах боллоо.

Тиймээс аймгийн Засаг даргын орлогч Т.Ганболд Дархан, Хонгор, Шарын гол, Орхон сумын нийт төр, хувийн хэвшлийн байгууллагууд эргэн тойрны 50 метр газрын цас, мөс болон хог хаягдлыг тогтмол цэвэрлэх үүрэг даалгавар өгсөн юм. Уг өгсөн үүргийн дагуу 24-ний пүрэв гарагт аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, ГХБХБГ, “Дархан Ус суваг” ХК, “Дархан Номин” худалдааны төв, “Цуурай цо” ХХК, “Мобиком Дархан салбар”, “Залуучууд” театр, Монгол банк, ШУТИС-ын Дархан дахь салбар, МСҮТ-ийн оюутнууд, “Оюуны ирээдүй”, “Од цогцолбор” сургуулийн сурагчид, “Алтан хүнс” ХХК, Нэгдсэн Эмнэлэг зэрэг байгууллагууд орчин тойрныхоо зам, талбайг цэвэрлэлээ. Цэвэрлэгээний ажилд аймгийн Захирагчийн алба, Багийн Засаг дарга нар, СӨХ-д, НААҮГ-ын байцаагчид хяналт тавьж ажиллав. Аймгийн НААҮГ-ын Тохижилтын инженер Д.Ханджаргал:-“Цас мөс цэвэрлэгээнд байгууллагууд идэвхтэй оролцож байна. Гэвч одоогийн байдлаар үсчин, гоо сайхны газар, зоогийн газар, хүнс, барааны дэлгүүрүүдээс ганц ч байгууллага цэвэрлэгээнд гарсангүй. Мөн Их сургуулийн гудамжны хэсэг болон СӨХ-дын хариуцсан хэсэг болох хороолол доторх зам, талбайн цэвэрлэгээ хийгдээгүй байна.

Төрийн байгууллагууд удаа дараа орчны цас, мөс, хог хаягдлаа цэвэрлээгүй тохиолдолд байгууллагын удирдлагад нь хариуцлага тооцох бол хувийн хэвшлийн байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метрийн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл, цагийн хуваарийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авч ажиллах тухай аймгийн Захирагчийн албанаас мэдээлж хүргэсэн. Түүнчлэн тухайн байгууллагын эзэмшил ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газарт халтиргаа гулгаа үүссэний улмаас иргэдийн бие мах бодид гэмтэл бэртэл учирсан тохиолдолд тухайн байгууллага бүрэн хариуцлага хүлээх ёстой” гэв.

                                                                                                                                                         Б.Норовсамбуу

Related news