Сурагч шатарчид ААШТ-ий түргэвчилсэн тоглолтоос 14 медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-27 11:30:45

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сурагчдын Азийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн болж байна.


Азийн 16 орны 700 орчим өсвөрийн шилдэг шатарчин стандарт, рапид, блиц төрлөөр нийт 432 медалийн төлөө оюун ухаанаа сорин өрсөлдөж эхэлсэн бөгөөд U-7, U-9, U-11, U-13, U-15, U-17 насны ангиллаар болж байгаа юм. Медальт байрт шалгарсан шатарчид ФИДЕ-гийн цолны хангах боломжтой энэхүү өндөр зэрэглэлийн тэмцээнийг манай улс анх удаа эх орондоо хүлээн авсан нь энэ.


Оюуны спортыг түгээн дэлгэрүүлэх, Ази тивийн сурагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх, ирээдүйн шилдэг шатарчдыг төрүүлэх зорилготой тус тэмцээний түргэвчилсэн тоглолтын медальтнууд өчигдөр тодорчээ. Энэ төрөлд манай сурагч шатарчид дөрвөн алт бүхий 14 медаль хүртсэн байна. Тодруулбал, охидын 11 насанд И.Цэлмүүн, 13 насанд Н.Энхрийхэн, 17 насанд Э.Энхрий, хөвгүүдийн 17 насанд У.Содбилэг нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэгвэл охидын 9 насанд И.Цэлмэг, 13 насанд Б.Буянхишиг, 17 насанд М.Оюумаа нар мөнгөн медаль хүртсэн байна. Харин охидын 7 насанд Д.Сод, 9 насанд Ч.Оюунсүндэр, 11 насанд Г.Ивээлхүслэн, 13 насанд Ц.Амин-Эрдэнэ, 15 насанд Ш.Оюунгэрэл, хөвгүүдийн 7 насанд Б.Буянхишиг, 15 насанд Б.Дүүрэнхишиг нар хүрэл медаль зүүжээ.


Өнөөдөр ААШТ-ий стандарт төрлийн гурав болон дөрөвдүгээр өргийн тоглолт үргэлжилнэ. Харин ирэх сарын 1-нд блиц төрлийн ААШТ болсноор тэмцээн өндөрлөх юм. 

















Related news