Монгол Улс 2029 онд Математикийн олон улсын олимпиадыг зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-13 15:10:14

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улс Олон улсын математикийн олимпиадын тэмцээний 70 дахь удаагийн олимпиадыг 2029 онд эх орондоо зохион байгуулах эрхтэй болсныг албан ёсоор зарлалаа.


Австралийн Холбооны Улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо /IMO/ Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан хурлаар тус тэмцээнийг Монголд зохион байгуулахаар болсон байна.


Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орны нэг юм. Энэхүү нэр хүндтэй эрх нь Монголын Математикийн Олимпиадын Хороо /ММОХ/-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгийн үр дүн юм.


2029 онд дэлхийн шилдэг залуу математикчид Улаанбаатарт чуулж, оюун ухаан, авьяас, шинийг эрэлхийлэх эрмэлзлээ сорихоор ирэх нь монголын шинжлэх ухааны салбарт шинэ хуудсыг нээх томоохон үйл явдал болох ажээ.


 

Related news