ЗАВХАН: "Адууны умсны хорхог"-ыг Завханы брэнд хоолоор шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-06-30 18:24:00

Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн тогооч нар баруун бүсийн тогоочдын улсын уралдаанд 2-р байр эзэлжээ.


Баян-Өлгий аймагт 6 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулагдсан “Галын гоёо-Баруун нутгаас 2025” бүсийн аварга тогооч шалгаруулах улсын уралдаанд Завхан аймгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний холбооны тогооч нар амжилттай оролцжээ.


Тэд тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 7 хүрэл медаль хүртэж, 2 тогооч тусгай байр эзэлсэн байна.

Тэмцээний үеэр Монголын Тогооч нарын холбооноос Завхан аймгийн тогооч нарын хийсэн “Адууны умсны хорхог”-ыг Завхан аймгийн брэнд хоолоор шалгаруулж, албан ёсоор бүртгэсэн байна.


Улсын уралдаанд амжилт гаргасан тогооч нарыг өнөөдөр Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Тэрээр, Завхан аймаг аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд хоолны соёл, үйлчилгээ, чанар, хүртээмжийг нэмэхэд онцгой анхаарах ёстой. Мөн сум бүр өөрийн онцлог, давуу тал, ёс заншилдаа тулгуурлан брэнд хоолтой болох ёстой.  2026 онд Завхан аймагтаа брэнд хоолны фестиваль зохион байгуулж, тогооч нарын улсын уралдааныг аймагтаа хийхээр төлөвлөж буйгаа ярив.

Түүнчлэн тогооч нарыг тэмцээн уралдаанд оролцох, шинэ хоолны нэр төрөл гаргах,  мэргэжил дээшлүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news