ЗАВХАН: Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид баруун бүсэд тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баруун бүсийн офицер бүрэлдэхүүний гамшгаас
хамгаалах команд штабын сургуульд Завхан аймгийн баг амжилттай оролцжээ.
Онцгой байдлын ерөнхий газраас Ховд аймагт зохион байгуулсан баруун бүсийн офицер бүрэлдэхүүний “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-д Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Ж.Бавуугарьдаар ахлуулсан алба хаагчид оролцоод ирсэн.
Энэ дадлага сургуулиар зохион байгуулсан үйл ажиллагааг бататгах зорилгоор ой, хээрийн гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин, химийн осол, үер усны ослын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар цагийн байдлуудыг өгч команд штабын сургуулийг зохион байгуулсан байна.
Ийнхүү тэргүүн байрт Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар анги, хоёрдугаар байрт Улиастай сум дахь Гал түймэр унтраах, аврах 43 дугаар анги, гуравдугаар байрт Улсын нөөцийн 173 дугаар салбар тус тус шалгарч алба хаагчид шагнуулсан байна.
Баруун бүсийн
офицер бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах сургалт, команд штабын сургуульд Ховд, Завхан, Говь-Алтай, Увс, Баян-Өлгий аймгийн
Онцгой байдлын газар, хэлтэс, анги, салбаруудын нийт 50 гаруй алба хаагч
хамрагдсан.
“Удирдлага, төлөвлөлт, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа тус сургалтын үеэр алба хаагчдад гамшиг, ослын нөхцөл байдал, гамшгаас хамгаалах бодлого, үйл ажиллагаа, ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, хариу арга хэмжээ, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, хүч хэрэгсэл дайчлан гаргах. Гамшгийн орон зайн мэдээллийн системийн тухай ойлголт, хэрэглээ сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.
Мөн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, Улсын Онцгой комиссын Шуурхай штабын ажиллах журам, гамшгийн үеийн бүсийн төвийн холбоо зохион байгуулалт, түүний онцлог, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн бодлого, зохион байгуулалт, гамшгаас хамгаалах улсын хяналт, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, хариу арга хэмжээ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, штабын дадлага сургуулилалт хийсэн байна.
Ингэснээр баруун бүсийн Онцгой байдлын байгууллагын офицер бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлж, хүн хүч хэрэгслийн боломжийг тодорхойлон, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсронгуй болгох, байр зүйн зураг хөтлөлтийг сайжруулах, хээрийн нөхцөлд ажиллах бэлэн байдлыг хангах ач холбогдолтой юм гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.