Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-06-25 09:02:18

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж энэ сарын 24-нд Олон улсын парламентын холбооны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Мариана Дуарте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Их Хурал, Олон улсын парламентын холбоо хамтран “НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулсан уулзалт-хэлэлцүүлгийн үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.


Монгол Улсын Их Хурал Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ны гишүүнээр 1962 онд элссэн түүхтэй. Үүнээс хойш 2022 оноос эхлэн парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагааг хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангуулах чиглэлээр хамтрахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, хамтын ажиллагааны шинэ үеийг эхлүүлсэн юм.


Уулзалтын эхэнд, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж төлөөлөгчдөд Олон улсын парламентын холбоо үүсэн байгуулагдсаны 136 жил, Олон улсын парламентын өдрийн мэндийг хувиасаа болон УИХ-ын Тамгын газрын нийт албан хаагчдын нэрийн өмнөөс дэвшүүлээд, бидний хамтран зохион байгуулсан хоёр өдрийн уулзалт-хэлэлцүүлэг хүн төвт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг төгөлдөржүүлэхээр зорьсон УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдол бүхий сэдвийн хүрээнд өрнөснийг онцлов.


Үргэлжлүүлэн тэрбээр, “НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай Конвенцын хорооны талаарх бие даасан хоёр асуудлыг 4 хэсгийн хүрээнд хөндөж парламентын хүлээх үүрэг, оролцооны талаарх хэлэлцүүлэг үр дүнтэй болсныг сайшаав.


Хатагтай Мариана Дуарте, Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас уулзалт-хэлэлцүүлгийн бэлтгэлийг сайн базааж, олон талын оролцоог хангасанд талархал илэрхийлэв. Монгол Улсын Их Хурлын Олон улсын парламентын холбоотой хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллаж буй хүчин чармайлт, улс төрийн манлайлал, санал санаачилгыг онцлоод, цаашдын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.


Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Мартин Чунгон Монгол Улсын Их Хурлаас хүний эрх, жендэрийн эрх тэгш байдал, парламентат ёсыг төлөвшүүлэхэд бодит үр дүн бүхий зорилтот ажлуудыг хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэсэн мэндчилгээ дэвшүүлсэнд талархаж байгаагаа Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлээд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 35 жилийн ой энэ намар тохиож буйтай холбогдуулан ноён Мартин Чунгоныг Монгол Улсад хүрэлцэн ирэх урьж буйг уламжлахыг төлөөлөгчдөөс хүслээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Related news