ЗАВХАН: Нутгийн зохиолчдын 330 орчим дуутай номыг хэвлүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-05-09 16:46:49

Улиастай, 2025 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Завхан судлал цуврал бүтээлийн 27-р боть "Завхан нутгийн дуу" бүтээл хэвлэгдэн гарчээ.


Номд 330 орчим дууг багтаасан бөгөөд Завхан судлал төв, Очирваань уул холбоотой хамтран хэвлүүлсэн байна.


Номд орсон дуунуудыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, түүхийн ухааны доктор Ph.D, дэд профессор, “Завхан судлал төв”-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, "Очирваань уул" холбооны дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан П.Бат-Ундрах, МУИС-ийн Урлаг судлалын тэнхимийн багш, урлаг судлалын ухааны доктор Ph.D П.Даваапил нар эмхэтгэжээ.


Цувралын редактороор Монгол Улсын Их хурлын гишүүн, Завхан судлал төвийн тэргүүн Б.Түвшин, ботийн редактороор Монгол Улсын Ардын жүжигчин С.Батсүх нар ажиллажээ.


Энэхүү бүтээлд Завхан нутгийн зохиолч, яруу найрагчид үгийг нь бичиж, мөн нутгийн хөгжмийн зохиолчид аялгууг нь хийж, ард түмний дунд дуулагдаж ирсэн.

Өдгөө ч дуулагдсаар байгаа дуунууд багтсан тухай Завхан судлал төвөөс мэдээлэв.

Related news