Хууль бусаар алт олборлохоор ирсэн гэх Баянхонгор аймгийн иргэдийг саатуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-25 16:04:22

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газар тус аймгийн Сүхбаатар сумын нутагт алт олборлохоор ирсэн гэх Баянхонгорын иргэдийг саатуулаад байна. 

Сүхбаатар сумын нутаг болох Тугал булаг, Гуя, Мухар гэх мэт газруудад улсын номер дугааргүй, үл таних хүмүүс газар ухаад явж байна гэсэн мэдээлэл аймгийн Цагдаагийн газар 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иржээ. Дуудлагын дагуу шуурхай ажилласаны дүнд тухайн хүмүүсийг барьж саатуулаад байгаа бөгөөд шалгалтын явцад тэдний машинаас дөрвөн ширхэг металл илрүүлэгч олжээ.

Ланд 200 маркын машин хөлөглөсөн, хууль бусаар алт олборлодог дөрвөн хүн байсан бөгөөд Баянхонгор аймгийн  уугуул иргэд гэдгийг тогтоосон байна. Тэдний хувьд Сүхбаатар сумаас алт гарч байна гэсэн аман сураг сонсоод ирсэн гэнэ.

“Гэхдээ алтны төрлийн ямар нэг зүйл олж, илрүүлээгүй. Бусад хүмүүс худал цуу үгэнд итгэж цаг хугацаа, бензин тосоо гарздан битгий тийшээ очоорой” гэдгийг хэлж байна.

Цагдаагийн газраас дээрх хүмүүсийг саатуулан шалгаж байгаа бөгөөд улмаар техник хэрэгслийг нь хураан авч, нутаг буцаахаар болжээ.

Т. Одончимэг

Related news