ТӨВ: Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 667 иргэн саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-10-11 09:18:12

Зуунмод, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Төв аймагт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар 667 иргэн саналаа өгсөн байна.


Төв аймгийн хэмжээнд нийт 62636 сонгогч санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр нийт 699 сонгогч хүсэлтээ хүргүүлжээ.


Үүнээс, 28 сонгогч хаягтаа байгаагүй, нас барсан 2, 1 иргэн санал өгөхөөс татгалзсан, 1 сонгогчийн иргэний үнэмлэх байхгүй шалтгаанаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналыг аваагүй байна.


Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагааг 10 дугаар сарын 10-ны өдөр 09:00-20:00 цагт зохион байгуулсан юм.


Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар дараах иргэд саналаа өгдөг. Үүнд:


1. Өөрийн байнга оршин суугаа нутаг дэвсгэрт байгаа эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч,

2. Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, 

3. Зөрчлийн улмаас саатуулагдсан, баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгөхөөр хуульд заасан байдаг. 


Related news