ГОВЬ-АЛТАЙ: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 14400 хүүхэд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-26 12:14:31

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар байгаа “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. тэгвэл энэхүү хөтөлбөрт Говь-алтай аймгийн 0-12 насны 14400 хүүхэд хамрагдана.



Шүдний өвчлөл Говь-Алтай аймгийн хэмжээнд өндөр хувь эзэлдэг. Шүдний өвчлөл аймгийн Нэгдсэн эмнэлэг болон шүдний эмчилгээ үйлчилгээ явуулж байгаа хувийн эмнэлгүүдэд хүүхдийн эзлэх хувь 60-70 хувьтай байна. Шүд цоорлын өвчлөл, түүний хүндрэлүүд цаашлаад хүндрэлээс шалтгаалсан  ерөнхий биеийн өөрчлөлт, хоол тэжээлийн дутагдал үүсдэг. 2012 оны судалгаагаар Говь-Алтай аймгийн 0-14 насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл 95 хувийн тархацтай байсан, одоогоор судалгаа хийгдээгүй энэ удаагийн үзлэгээр судалгаа хийнэ. Иргэдийн эрүүл мэндийн боловсрол дутмаг байгаагаас өвчлөл нэмэгдэх үндсэн шалтгаан болж байгаа гэж хэлж болно. Иймд эцэг эхчүүд хүүхдийнхээ хоол хүнсэнд анхаарч, тогтмол шүдийг нь арчилж байхыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Шүд эрүү нүүрний мэс заслын их эмч Г.Батбаяр зөвлөмж мэдээлэл хүргэлээ.


Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн хүрээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг бий болгон хэвшүүлж, шүдний эмчилгээ, үйлчилгээг орон нутаг, сумын түвшинд буй болгохоор зорьж байна. Тухайлбал, Есөнбулаг сумын 10 дугаар цэцэрлэг хүүхдийн шүдний өвчлөлөөс сэргийлэхэд хүүхдүүд шүдээ зөв угаах дадалд суралцуулах зорилгоор өдөр бүр хоёр удаа шүд угаах тогтмол цаг гаргасан тухай Есөнбулаг сумын Аравдугаар цэцэрлэгийн эмч Г.Даваа хэлж байлаа.


Говь-Алтай аймгийн хэмжээнд 0-12 хүртэлх настай 14400 орчим хүүхэд байгаа бөгөөд одоогоор хойд бүсийн зарим сумдын хүүхдүүдийг үзлэг оношилгоонд хамруулж эхэлжээ. “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургуулийн насны хүүхдийн шүд угаах боломжийг бүрдүүлж “Шүд угаах цаг”-тай болгох засгийн газрын хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлэх, хүүхдийн шүдний өвчлөлөөс сэргийлэхэд хүүхдүүд шүдээ зөв угаах дадалд суралцах зайлшгүй хэрэгцээнд үндэслэн хүүхдийг ивээх сангийн санхүүгийн дэмжлэгээр Говь-Алтай аймгийн найман сумд хүүхдээс хүүхдэд аргачлалаар “Үе тэнгийн сургагч” хүүхдүүдэд чадавхжуулах сургалт зохион байгуулж байгаа тухай Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газраас танилцуулсан юм.

Related news