ГОВЬ-АЛТАЙ: Өрхийн тахианы аж ахуйн жишиг аймаг болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-24 11:11:48

Говь-Алтай, 2024 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. "Уянгалянхуа" сангаас Говь Алтай аймгийн иргэдийн амьжиргаанд хувь нэмрээ оруулах, аймгийн үйлдвэрлэлийг солонгоруулах, импортыг орлох бүтээгдэхүүнийг дэмжиж өрхийн амьжиргааг тэтгэх зорилгоор аймгийн хэмжээнд “Өрхийн тахианы аж ахуй” төслийг хэрэгжүүлэн тахианы аж ахуйн жишиг аймаг болгохыг зорин ажиллаж байна. 


Өрхийн тахианы аж ахуйг хөгжүүлэн иргэдийг энэ чиглэлд чадавхжуулах, цаашлаад амжилттай ажиллаж буй өрхүүдийг нэгтгэн өрхийн тахианы аж ахуйг өргөтгөн ферм хэлбэрт шилжүүлэх аж. Үүний сацуу тус аймгийн хэмжээнд иргэдийг дотоодын шинэ өндгөөр хангах, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бий болгох зорилт дэвшүүлжээ. 


Төсөл Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Тайшир, Шарга суманд хэрэгжих бөгөөд төслийн нэгдүгээр шат 2024 оны тавдугаар сарын 1-нээс 2025 оны тавдугаар сарын 1-ний хооронд үргэлжилнэ. Харин төслийн шалгаруулалт 2024 оны тавдугаар сарын 2-5-ны өдрүүдэд явагдах учир өрхийн тахианы аж ахуй хөгжүүлэх хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийг төслийн сонгон шалгаруулалтад идэвхтэй оролцохыг Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас уриаллаа. 


Related news