ГОВЬ-АЛТАЙ: Тоон гарын үсгийн олголт 69 хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-04-12 12:33:54

Говь-Алтай 2024 оны дөрөвдүгээр сарын 12. /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн хэмжээнд тоон гарын үсгийн олголт 69 хувьтай явж байгаа тухай Улсын бүртгэлийн хэлтсээс мэдээллээ.


Тус аймгийн хэмжээнд 16-гаас дээш насны 39600 иргэн бүртгэлтэй байгаагаас Улсын бүртгэлийн хэлтсийн мэдээлснээр одоогоор 26224 иргэнд тоон гарын үсэг олгож, 69 хувьтай байна.


2022 онд цахим гарын үсгийн хуулийг эцэслэн баталж, иргэдийг цахим гарын үсэгтэй болгох ажлыг сүүлийн хоёр жил улсын хэмжээнд хийж байна. Тоон гарын үсгийг таван жилийн хугацаатайгаар үнэгүй олгох бөгөөд иргэд иргэний цахим үнэмлэх болон гар утасны апликейшн дээрээ тоон гарын үсгийг хэрэглэх боломжтой болсон. 


Иргэд тоон гарын үсгээ авахын тулд Улсын бүртгэлийн хэлтэс, тасгийн холбогдох мэргэжилтнүүдэд хандахаас гадна Улсын бүртгэлийн хэлтэст байрлах киоск машинаас авах боломжтой юм. 


Цахим баримтад зурсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Үүнд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг, тухайн файлд гарын үсэг зурснаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ бол тоон гарын үсэг юм.


Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, чанартай, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор нэгдүгээр сарын 31-нээс “24/7 цахим үйлчилгээ”-г үзүүлж эхэлжээ. Ингэснээр иргэд  дараалалгүй, цагийн хязгаарлалтгүй, заавал бүртгэлийн ажилтантай уулзахгүйгээр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн олон үйлчилгээг цахимаар авах юм. Долоо хоногийн турш 24 цагаар ажиллах Улсын бүртгэлийн киоск машинаас дараах төрлийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломжтой. Үүнд: 


-Лавлагаа-18 /Иргэний улсын бүртгэл-12, Хуулийн этгээдийн улсын бүртгэл-4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-2/

-Үйлчилгээ-6 /Иргэний улсын бүртгэл-3, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл-3/

-Тоон гарын үсэг шинээр авах үйлчилгээ

-Цахим иргэний үнэмлэхийн мэдээлэл авах үйлчилгээ

-Төлбөр тооцооны үйлчилгээг үзүүлж байна.


Related news