Сүхбаатар аймгийн УЗХ хөрш орны байгууллагатай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-04 13:58:27

Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хороо анх удаа хөрш зэргэлдээх орны Улаан загалмайн байгууллагатай хамтран ажиллахаар боллоо.

Тодруулбал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Улиастай хотын Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ санамж бичиг бол хоёр улсын Улаан загалмайн хүмүүнлэгийн үйлсийг хөгжүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлын эхлэл юм.

Сүхбаатар аймгийн УЗХ ирэх 2017 онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэнэ. 60 жилийн хугацаанд МУЗН-ийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, ард иргэдэд хүмүүнлэгийн үйл ажиллагааг хүргэх ажлыг бүхий л шатанд амжилттай хийж ирсэн. Гэвч 60 жилийн түүхэнд тус хороо гадны хөрш зэргэлдээх улс оронтой хамтын ажиллагаа тогтоож байгаагүй. Харин энэ удаад ӨМӨЗО-ны Улиастай хотын УЗН-тэй  албан ёсоор хамтран ажиллахаар боллоо. “Энэ бол Сүхбаатар аймгийн УЗХ-ны түүхэнд төдийгүй Улиастай хотын УЗН-ийн түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдэх үйл явдал гэдгийг Улиастай хотны УЗН-ийн дарга Цогсайн онцолж байлаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсанаар нөхөрсөг уулзалт, айлчлалыг тогтмол хийх,  хамтын ажиллагааны нөхөрсөг харилцааг бий болгон цаашид өргөжүүлэн харилцан ашиг хүртэж, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн ажлыг дэмжиж, гамшгийн тусламж, онцгой байдал, түргэн тусламж боловсрол гээд бүх салбарт хамтран ажиллах боломж нээгдлээ. Энэ бол Сүхбаатар аймгийн Улаан загалмайн хорооны хувьд гадны улс орнуудтай хамтран ажиллах болж буй анхны тохиолдол юм.

Сүхбаатар аймгийн УЗХ-ноос дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг 9 сарын 23-27-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошууны Шилийн гол, Улиастай хот, Ээж нуур сум, жишиг малчны хотоор болон Улиастай хотын Монгол сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.

Т. Одончимэг

Related news