"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-03-27 22:41:48

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Соёл, урлагийн салбарын оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг шалгаруулдаг “Мөнгөн мод” шагнал гардуулах ёслол УБДЭТ-т өнөөдөр болж, шилдгүүдээ тодрууллаа.


Монгол Улсын Засгийн газрын 2008 оны “Оны шилдэг уран бүтээлч” шалгаруулах 195 дугаар тогтоол батлагдсанаас хойш 15 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү наадам “Соёлын тухай хууль”-ийн хэрэгжилтийг хангах, соёлын ажилтны бүтээлч үйл ажиллагааг төрөөс дэмжиж урамшуулах, алдаршуулах зорилго бүхий хамгийн том ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа юм.


Энэ удаагийн наадамд 216 уран бүтээлч өрсөлдсөнөөс соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг, найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач, гэрэл зурагчин гэсэн 13 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулж, мөнгөн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулав.


Наадмыг нээж Соёлын сайд Ч.Номин хэлэхдээ, "2023 онд Монгол Улсын нийт экспортын орлого 15.2 тэрбум  ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин нэмэгдэж, Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа тус тус ашигтай гарлаа. Эдийн засгийн энэхүү өсөлтийн үр дүнд соёл урлагийн салбарт төрөөс зарцуулагдах төсөв 2 дахин өсөж, төрийн соёлын байгууллагын албан хаагчдын цалинг 66 хувиар, 4 дүгээр сарынхаас дахин 10 хувиар нэмэгдэж байна. Соёлын салбарын бүтээн байгуулалт эрчимтэй урагшилж, Чингис хаан Үндэсний музей, театр, номын сан, соёлын төвүүд зэрэг улсын хэмжээнд нийт 87 соёл, урлагийн байгууллага шинээр ашиглалтад орлоо. 

Энэ ташрамд “National Geographic” сэтгүүлээс 2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр Чингис хаан Үндэсний музейг нэрлэснийг дурдахад баяртай байна. Тун удахгүй “Үндэсний номын сан” болон Сонгинохайрхан дүүрэгт Хүүхэд залуучуудын театр үүд хаалгаа нээж, иргэдэд соёл, урлагийн үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болоод байна.

Засгийн газрын аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд соёл, урлагаар дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлыг Соёлын яам, соёл урлагийн салбарын уран бүтээлчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл  эрхлэгчид амжилттай хамтран хэрэгжүүлснээр Монгол Улсын  нэр хүнд өсөж, аялахад хамгийн таатай улсын жагсаалтыг тэргүүллээ. Энэхүү бодлогын үр дүнд өнгөрсөн онд 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг бүрдүүллээ.

Түүнчлэн дэлхийн шилдэг контент бүтээгчид Instagram, Facebook зэрэг цахим сүлжээгээр Монголын тухай нийт 40 гаруй контентыг нийтэлж, дэлхийн хэмжээнд 155 сая орчим хүн үзээд байна. Мөн дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын талаарх эерэг ойлголт олон улсад 38 хувиар өслөө. Соёл, урлагийн салбарын уран бүтээлчид болон тэдний бүтээлүүд олон улсад өндрөөр үнэлэгдэж, 2023 он Монголын түүх, соёл, урлагаар дэлхий давлагаалсан жил байлаа.

Энэ жилээс эхлэн соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа олон улсад сурталчлах ажлаа эрчимжүүлж “GO MONGOLIA Mongolia Always Moving” брэндийг дэлхий дахинаа таниулах ажил эхлээд байна. Тиймээс энэ удаагийн “Мөнгөн мод” наадмыг “Монгол урлаг дэлхийн тайзнаа”, “Монгол өв  дэлхийн дахинд” бодлогын хүрээнд зохион байгуулж байна" гэв. 


2023  оны шилдэг уран бүтээлчдийг танилцуулж байна.

Шилдэг дуу хөгжмийн бүтээл-“RISING SUN” пянз, цомгоор Э.Шүтээн 


Шилдэг хөгжимчин-Үндэсний Урлагийн их театрын гоцлол хөгжимчин СТА Г.Солонго  


Шилдэг удирдаач-Үндэсний Урлагийн их театрын Удирдаач, СТА Э.Мөнхбаяр 

Шилдэг дуучин-Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучин, СТА Б.Энхнаран 


Шилдэг хөгжмийн зохиолч-Соёл урлагийн их сургуулийн багш, хөгжмийн зохиолч, МУУГЗ Ш.Өлзийбаяр 

Шилдэг гэрэл зураг-“Бүргэд”, “Цаатан”, “Ирвэс” гэрэл зураг танин мэдэхүйн цуврал бүтээлээр Гэрэл зурагчин Ч.Батзаяа 

Шилдэг архитектурын бүтээл-“Их Хуралдай орд өргөө” цогцолбор бүтээлээр МУУГЗ Д.Төртогтох 

Шилдэг дүрслэх урлагийн бүтээл-“Монгол эр хүн” хүрэл баримал бүтээлээр Уран барималч Т.Даваасамбуу 

Шилдэг дизайны бүтээл-“Урьхан брэнд-2023” коллекц бүтээлээр Урьхан брэнд 


Шилдэг хувцас загварын бүтээл- “Үүлэн цуврал” коллекцоор Б.Ганбаатар 

Шилдэг соёлын өвийн бүтээл-“Монгол өв соёл” виртуал үзмэрээр Central Телевиз 


Шилдэг цахим бүтээл-"Соёл, боловсролын интерактив контент"-оор О.Батхолбоо 

Шилдэг зар сурталчилгааны бүтээл-“Гайхамшигт жолооч-Уусан бол жолоо барьдаггүй” нөллөллийн аянаар "АПУ" ХК 

Шилдэг ном хэвлэл-“Соёл судлалын үндэс” бүтээлээр Шинжлэх ухаан технологийн их сургууль 

Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг-“ХӨГ-ЖИМ ТЭЭГЧ” төслөөр Н.Тэмүүлэн 

Шилдэг судлаач-Монгол Улсын Консерваторийн багш, доктор/Sc.D/, профессор Л.Эрдэнэчимэг 

Шилдэг бүжигчин-“Амка данс студи”-ийн бүжигчин Э. Амаржаргал

Шилдэг бүжиг дэглээч-Үндэсний Урлагийн их театрын бүжиг дэглээч, СТА Х.Хашхүү

Шилдэг зураач-Про театрын найруулагч, зураач Б.Анхбаатар

Шилдэг тайз, дэлгэцийн зохиолч-Монгол Улсын Төрийн соёрхолт, СГЗ Ш.Гүрбазар 

Шилдэг продюсер-Үндэсний Урлагийн их театрын дуучин, МУГЖ Д.Ширмэнтуяа

Шилдэг жүжигчин-Про театрын жүжигчин, МУГЖ Ц.Төмөрхуяг 

Шилдэг найруулагч-Улсын драмын эрдмийн театрын найруулагч, МУУГЗ Ч.Найдандорж хүртлээ.


Харин Кино урлагийн шилдэг бүтээлээр Оранж энтертайнмент, Промикс Саунд студи, Рэд Пойнт фильмийн хамтын бүтээл “Шар гэгээ” уран сайхны кино шалгарсан бол  Тайзны урлагийн шилдэг бүтээл шагналыг “Хүннү гүрэн онгод” циркийн тоглолт хүртлээ.


Ташрамд дурдахад, өнгөрсөн онд уран бүтээлчид эх орондоо төдийгүй Монголын соёл, урлагийг дэлхийд таниулан сурталчилж, гайхалтай уран бүтээлүүдийг туурвисан онцгой жил байлаа. Тухайлбал, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт “Морин хуурын их найрал” дэлхийн алдартай театруудад үндэсний урлаг, өв соёлоо сурталчлан морин хуурын эгшгээ сонордуулж, “Монгол хаан” жүжиг Их Британи Улсад тоглож, кино урлагийн уран бүтээлчид Канн, Венец зэрэг олон улсын кино наадамд, хөгжим, цирк, дүрслэх урлагийн салбарынхан дэлхийн болон олон улсын биенналь, уралдаан тэмцээнд амжилт гаргасан юм.

Мөн “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн БНФУ-ын Нант хотын Түүхийн музейд гарч, дэлхий нийтэд анх удаа олон нийтийн хүртээл болж байна. 


Related news