УОК: Өнөөдрийн байдлаар 600 мянган толгой мал хорогдоод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khandmaa@montsame.gov.mn
2024-02-15 20:17:13

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд 600 мянга орчим толгой мал хорогджээ. Малын хорогдол Сүхбаатар, Архангай, Хэнтий, Дорнод аймагт хамгийн өндөр байна


Улсын хэмжээнд 508 мянган толгой мал хорогдож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан билээ.


Тэгвэл Улсын Онцгой Комисс /УОК/ өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэхдээ, "Сүхбаатар, Хэнтий аймгийн зарим сумын айлууд малынхаа 50 хувийг алдсан. Цөөн тооны малтай байсан айлууд бүх малаа алдсан зэрэг тоон мэдээлэл УОК-ын шуурхай штаб дээр өнөөдөр нэгтгэгдэн гарч байна. Түүнчлэн улсын хэмжээнд 15 000 орчим айл өрх, цасанд боогдсон тул 38 000 км зам гаргаж, тухайн айл өрхүүд рүү зорчих хөдөлгөөнийг нээх тооцоо судалгааг гарган, холбогдох төлөвлөлтийг хийж байна" хэмээв.

 

Мөн улсын хэмжээнд нийт малчин өрхийн бэлтгэсэн өвс, тэжээлийн 80 орчим хувь нь үндсэндээ зарцуулагджээ. Үүний өмнө хоёр удаагийн Засгийн газрын тогтоолоор, нийтдээ 9.2 мянган тонн тэжээлийг аймаг, орон нутгуудад хөнгөлөлттэй үнээр олгосон. Ирэх долоо хоногт дахин хөнгөлөлттэй үнээр тэжээл олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэхээр бэлтгэж байгаа тухай УОК-ын нарийн бичгийн дарга хэллээ.  



Related news