Эцэг эхчүүд тэгш хамруулах боловсролын талаар ойлголттой болсныг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-04 10:21:17

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монголын Аутизмын Холбооны урилгаар Фулбрайт хөтөлбөрийн мэргэжилтэн, Охайогийн их сургуулийн профессор, доктор Мэттью Брок манай улсад ирж боловсролын салбарт ажиллаж байна.


Тэрбээр тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн бөгөөд ЕБС-иудад ажилласан үр дүнгийнхээ талаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир болон тэгш хамруулах боловсролын багийнханд мэдээлэл өгөв. 


Доктор, профессор Мэттью Брок Монгол Улсад тэгш хамруулах боловсролын талаар эцэг эхчүүд тодорхой ойлголттой болсон нь сайн үр дүн гэдгийг онцлоод, цаашид нэгж байгууллагуудад ажиллаж буй хүмүүстэй уулзаж, тэднийг сонсох нь чухал гэдгийг хэлж байв. Мөн хүмүүст тулгарч буй практик үйл ажиллагааг бодлогод тусгах хэрэгтэйг санууллаа. 

Уулзалтын үеэр тэгш хамруулах боловсролын мэргэжилтэн доктор, профессор Мэттью Брок: 

-ЕБС-иуд Багшийн туслах ажиллуулж эхэлсэн нь сайшаалтай. Ихэвчлэн тухайн хүүхдийн эцэг эх нь багшийн туслахаар ажиллаж байгаа нь ажиглагдсан. Тиймээс эдгээр хүмүүсийн цалин, нийгмийн баталгааг тодорхой болгож, арга зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ байна.

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ энэ тусдаа бичиг баримт болжээ. Ажил, төлөвлөгөө хоёр салангид, зорилго хэт ерөнхий, хүрэх үр дүн, түүнд хүрэх алхмаа тодорхойлдоггүй нийтлэг дүр төрх ажиглагдлаа. Сар бүр ажлаа тайлагнах нь ачааллыг нэмж байна. Зөвхөн нэмэгдэл авахын тулд л тайлагнадаг, төлөвлөгөө санхүүгийн баримт хэлбэрээр ашиглагдаж байгаа нь энэ бүхний үндэс болж байна.

-Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд эцэг эхийн оролцоо сул байна. Үүнээс шалтгаалж хүүхдээ үнэлэх эцэг эх, багшийн ойлголт зөрдөг.

-Дэмжих баг зөвхөн цаасан дээр ажиллаж байна. Яг багшдаа хэрхэн туслах аргаа олоогүй тохиолдлууд ажиглагдсан. Хүүхдийнхээ онцлогт тохирсон цагийн зохицуулалт хийх хэрэгцээ байна гэх мэтчилэн өөрт ажиглагдсан мэдээллүүдээ хуваалцсан юм. 


Тэрбээр өнөөдөр "Аутизмтай сурагчийг ЕБС-д тэгш хамруулан сургах тухай практик зөвлөмжүүд" лекцээ Боловсролын ерөнхий газар пэйж хуудсаар дамжуулан багш, мэргэжилтнүүд, эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх аж. 


Related news