ГОВЬ-АЛТАЙ: Уурхайчид анхны тусламжийн чадавхжуулах сургалтад хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-27 15:47:30

Есөнбулаг,  2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооноос "Хан-Алтай ресурс" компанийн уурхайн ажилчдад анхны тусламжийн чиглэлээр чадавхжуулах сургалт зохион байгуулав.

Тодруулбал, Говь-Алтай аймагт уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хан-Алтай ресурс” ХХК-тай Эрүүл мэндийн анхны тусламжийн сургалтыг хийхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аж. Үүний хүрээнд 11 дүгээр сарын 25, 26-нд эхний ээлжийн сургалтыг зохион байгуулж, уурхайн 20 ажилчныг хамруулсан байна.


Оролцогчид өөртөө болон ажлын байр, гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсийн амь насыг аврах, цаг алдалгүй эмч эмнэлгийн тусламж ирэхээс өмнө өөрт байгаа гарын доорх материал ашиглан тусламж үзүүлэх чадамжтай болсноороо ихээхэн ач холбогдолтой сургалт болсон тухай зохион байгуулагчид хэлж байлаа.
2023 онд тус компанийн нийт 54 ажилчныг анхны тусламжийн чиглэлээр сургаж, чадавхжуулах ажээ.

Related news