ГОВЬ-АЛТАЙ: “Эрсдэл ба Стандарт” үндэсний форумд 120 гаруй алба хаагч оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-21 10:49:26

Есөнбулаг  2023 оны арваннэгдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/.  “Эрсдэл ба Стандарт” үндэсний форумд 120 гаруй алба хаагч оролцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлсийн эрсдэлийг тодорхойлоход санал бодлоо солилцож байна.

Монгол Улсын Шадар сайдын ивээл дор 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Эрсдэл ба стандарт” форум 11 дүгээр сарын 20-нд нийслэл хот болон 21 аймгийг оролцуулан  цахимаар нээлтээ хийсэн юм.


Анх 2009 оноос эхлэн зохиогдсон тус форум өдгөө 14 дэх жилдээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлт, байгалийн болон хүний үйл ажиллагаатай холбоотой гамшгийн болон бусад эрсдлийг бууруулах, эрсдлийг удирдах стандартыг сайжруулах, дагаж мөрдөн хэрэгжүүлэх, эрсдлийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, барилга хот байгуулалт, эрчим хүч, зам тээвэр зэрэг дэд бүтэц, хүн амын эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тулгарч буй эрсдэл, хүндрэлийг тодорхойлох, арилгах арга замыг эрэлхийлэх зорилготой аж.
Форумд Говь-Алтай аймгийн төрийн болон мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд, ТББ-н төлөөлөл болох 120 гаруй албан хаагчдыг хамруулан өрнөж буй бөгөөд энэ сарын 22-ныг дуустал үргэлжлэх юм.

Related news