ГОВЬ-АЛТАЙ: Дулааны станц барих төслийн зуухны угсралтын болон барилгын суурийн ажил 90 гаруй хувьтай явж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-11-01 15:28:25

Есөнбулаг 2023 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Говь-Алтай аймагт хэрэгжиж буй дулааны станц барих төслийн зуухны угсралтын болон барилгын суурийн ажил 90 гаруй хувьтай явж байна. 


Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын “Экспорт-Импорт” банк хооронд байгуулсан зээлийн гэрээний хэрэгжилтийн хүрээнд төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Кореан дистрикт хитинг инженеринг” компанийн ”KDHEC-KDHC-GEI” түншлэл ажиллаж байгаа бол барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр БНСУ-ын “Бьюксан инженеринг” компани, туслан гүйцэтгэгчээр “Энерго тех сервис” компани ажиллаж байна. 


Говь-Алтай аймгийн тухайд 25 гкал/цаг хүчин чадалтай, 4,4 км дулаан дамжуулах шугам сүлжээ, 6 ширхэг дулаан дамжуулах төв барих юм. Дулааны станцын үндсэн бүтээн байгуулалтын ажил 2022 оноос хийгдэж эхэлсэн бөгөөд энэ онд зуухны угсралт, станцын үндсэн барилгын ажлууд явагдаж байгаа тухай “Энерго тех сервис” компанийн талбайн даамал А.Баасанцэрэн танилцуулав.


Одоогоор зуухны угсралтын болон барилгын суурийн ажил 90 гаруй хувьтай явж байгаа аж. Энэхүү төсөл 26 сар үргэлжилж, 2024 оны тавдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр зорин ажиллаж байгаа тухай нэмж мэдээллээ. 


Шинэ технологийн зуух нь хамгийн бага илчлэгтэй нүүрсийг ч бүрэн шатаах ашигт үйлийн коэффициент (85-90 хувь) өндөртэй тул нүүрсний хэрэглээг 40 гаруй хувь, үнсний гаралтыг 25 хувь хүртэл бууруулах юм. Энэхүү станцаас ялгарах утаанд илүү нарийн шаардлага бүхий БНСУ-ын агаарын чанарын стандартыг мөрдөнө. Тухайлбал одоо ажиллаж байгаа дулааны станцуудын дундажтай харьцуулахад утаанд агуулагдах хүхрийг 80 хувь, азотыг 75 хувь, тоосонцрыг 99 хувь, нүүрсхүчлийн хийг 50 гаруй хувиар тус тус бууруулах хүчин чадалтай ажээ.


Дулааны станцтай болсноор айл өрх, албан байгууллагууд хэрэглээний халуун усаар хангагдаж, ая тухтай нөхцөлд ажиллаж амьдрах, агаарын бохирдол багасах цаашлаад Алтай хотын гэр хорооллын 2500 гаруй өрхөд инженерийн шугам сүлжээ тавих, олон үйлдвэр, орон сууц барих нөхцөл боломж бүрдэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.


Монгол Улсын Засгийн газраас нийгэм, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болсон эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлэх, төвлөрсөн хот, сум, суурин газарт дулааны эх үүсвэр шинээр барих, өргөтгөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, дулаан хангамжийн чанар хүртээмж, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулах зорилт тавин ажиллаж байна.


Монгол Улс “Алсын хараа 2050”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хадгалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот суурин газрын дулаан хангамжийн хүртээмжийг сайжруулах зорилгоор БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 10 аймгийн төвд дулааны станц, шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж байгаа юм. 


Related news