Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар "Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Чуулганы хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлаар хуралдсан. Иймээс тус байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцүүлгийг өмнө сонслоо. Тогтоолын төсөлд хууль санаачлагчаас урьдчилан санал авахад Ерөнхийлөгчөөс 14, Засгийн газраас 54, УИХ дахь намын бүлэг, гишүүдээс 83, нийт 151 санал ирүүлжээ. Гэвч эдгээр төслийг бүгдийг нь намрын ээлжит чуулганаар хэлэлцэж батлах боломжгүй учраас эхний ээлжинд хуулиар зайлшгүй хэлэлцэхээр заасан болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгоход чиглэгдсэн, түүнчлэн өмнөх УИХ-ын үед батлагдсан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тогтоолын төсөлд нэр зааж тусгах зарчмыг байнгын хороо баримталсан байна.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан чуулганаар хэлэлцэх асуудалд санал авах болохоор хэн дуртай нь бодсон санасныгаа хууль болгох гэдгээ болих хэрэгтэй гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудлаарх шалгалтын дүнг намрын чуулганд яагаад оруулаагүй эсэхийг лавлаж байв. Мөн өргөн барих гэж байгаа хуулиудын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулдаг нь буруу гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал нь залгамж чанартай байх ёстой хэмээв.
Ингээд санал хураалт явуулахад 77.4 хувийн дэмжлэгээр тогтоолын төсөл дэмжигдлээ. Өөрөөр хэлбэл, намрын чуулганаар 30-аад хууль тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтов.
Б.Туул