ГОВЬ-АЛТАЙ: Баруун бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-26 09:53:58

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх сургалт Алтай хотноо болж байна.


Төсвийн баримт бичиг болон жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ажлын албаны алба хаагчдад зориулан боловсруулсан "Үндэсний сургалтын хөтөлбөр"-ийг таниулан сурталчлах хүрээнд энэ сургалтыг зохион байгуулж байна хэмээн холбогдох албанаас мэдээлэв. 


Сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Швейцарын хөгжлийн агентлагийн НӨУБИЧБ төсөл хөтөлбөр болон Удирдлагын академийн сургагч багш нар хамтран явуулж байгаа бөгөөд Баян-Өлгий аймгаас 15, Завхан 15, Увс 15, Ховд 15, Говь-Алтай 20 ажлын албаны албан хаагч оролцож байна.


Сургалтыг Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар нар нээн үг хэлж сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Үүний дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын шинжээч Г.Золбаяр Засгийн газрын хуралдаанаар ИТХ-ын 2022 оны тайлангийн дүнг хэлэлцэж хүргүүлсэн зөвлөмж түүний хэрэгжилт сэдвээр мэдээлэл хүргэсэн юм. 


Удирдлагын академийн багш нар төсөл боловсруулах арга зүй, гэрээний удирдлага, өөрчлөлтийн удирдлага, төр хувийн хэвшлийн түншлэл гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл зөвлөмж өгөх аж. 

Ийнхүү оролцогчид тавдугаар сарын 26-нд сургалтад оролцох ба 27, 28-нд спортын зургаан төрөлт тэмцээнээр өрсөлдөх юм.

Related news