ГОВЬ-АЛТАЙ: Булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлаараа улсад тэргүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-05-25 11:02:06

Есөнбулаг /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран "Булгийн өдөр"-ийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 


Говь-Алтай аймаг булаг шандын эхийг хашиж хамгаалах ажлаараа улсад тэргүүлдэг. Гадаргын усыг хашиж хамгаалан усны нөөцийг нэмэгдүүлэх гүний усыг хэмнэх зорилт тавьж, аймгийн Засаг даргын захирамжаар "Булгийн өдөр"-ийг жил бүрийн 5, 10 дугаар сарын 22-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөө жил энэхүү өдрийн хүрээнд Хүйсийн Говь-Цэцэг нуурын сав газарт хамаардаг сумдыг хамруулан тодорхой ажлуудыг зохион байгуулсан тухай холбогдох албанаас мэдээлэв. 

-"2011 оноос байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль хэрэгжсэнээр Говь-Алтай аймгийн ус, рашаан ашигласан төлбөрийн 35-аас доошгүй хувийг ус, рашаан, булгийн эхийг хашиж хамгаалах ажилд зарцуулж байна" хэмээн Говь-Алтай аймгийн БОАЖГ-аас танилцуулсан юм.


Говь-Алтай аймаг нь нийт 1400 гаруй булагтай. Үүнээс 200 гаруй булгийг Дэлхийн байгаль хамгаалах сан, Говь-Алтай аймгийн БОАЖ-ын газар, сумын ЗДТГ, малчид, иргэдтэй хамтран ширгэсэн булгийг нөхөн сэргээсэн байна. Мөн 2022 оноос хойш булгийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Булгийн эхийг хашсанаар зэрлэг ан амьтад, малчид, иргэд ундны усаар хангагдаж, говийн нүдэн булаг сэргэж эхэлжээ.


Related news