ГОВЬ-АЛТАЙ: "Шинжлэх ухааны технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяныг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-03-28 09:16:39

Есөнбулаг /МОНЦАМЭ/. "Шинжлэх ухааны технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя" аяны үйл ажиллагаа гуравдугаар сарын 28-нд Говь-Алтай аймагт эхэллээ.


Шинжлэх ухаан, технологи, инновацын ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухаанд тулгуурлан шийдвэрлэх, мэдээллийн технологийн боломжийг таниулах, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлд орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.


Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, ЗДТГ-ын холбогдох газар хэлтсүүд, сумдын төлөөлөл, төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгаа, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, хүүхэд залуус аянд оролцож мэдээлэл зөвлөмж авахаас гадна, шинжлэх ухааны мэдлэгээ уралдуулах аж.

Тухайлбал, аяны хүрээнд “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал, Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний кодын эхлэл” Хакатон, Улсын физикийн олимпиад, Гарааны бизнес эрхлэгчид, залуучуудад зориулсан Старт-ап, менторшип хөтөлбөрийн сургалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь” төслийн нээлт, холбогдох сургалтууд энэ өдрүүдэд Алтай хотноо болох юм.

Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл тэргүүтэй БШУЯ, ШУА, ШУТИС-ийн холбогдох албаны 50 гаруй эрдэмтэд илтгэл мэдээллүүдийг өгөх ажээ.

Related news