СҮХБААТАР: О.Номин-Эрдэнэ: Өөрийн сурсан мэдсэнээ нутгийнхаа багачуудтай хуваалцахыг хүссэн учир хөдөөг зорьсон

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-03-20 09:57:10

Түвшинширээ /МОНЦАМЭ/. О.Номин-Эрдэнэ орон нутагтаа уран зургийг хөгжүүлэх, хүүхэд багагчуудад уран зургийн боловсрол олгохоор Улаанбаатар хотоос ирсэн залуу зураач. Аймгийн төвд ч байдаггүй гэж хэлж болохоор дугуйланг тэр төрөлх сумандаа хичээллүүлж байна. Тэрбээр хүүхдүүдийнхээ бүтээлээр аймгийн төвд үзэсгэлэн гаргаад амжжээ.


-Зураач мэргэжлийг хэзээ хаана эзэмшив. Манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг О.Номин-Эрдэнэ гэдэг. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул. Улаанбаатар хотод ардын зураач Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Анима ДУДС-ийг монгол зургийн зураач мэргэжлээр 2017 онд төгссөн.

-Их сургуулиа төгсөөд шууд нутагтаа ирсэн үү. Яг ямар хүсэл, зорилго өвөрлөн орон нутагтаа ирэх болсон бэ?

-Сургуулиа төгссөнөөсөө хойш тогтмол мэргэжлээрээ ажиллаж байгаад нутагтаа 10 жилийн дараа ирээд байгаа маань энэ. Энд ирсэн гол зорилго бол эртнээс төлөвлөсөн өөрийн анхны бие даасан үзэсгэлэндээ бэлдэх, судалгаа хийх нь эхний зорилго. Үүнийхээ хажуугаар нутгийнхаа хүүхэд багачуудад уран зургийн талаар багахан ч гэсэн мэдлэг олгох үүднээс "Шидэт бийр" дугуйлангаа хичээллүүлж эхлээд нэг жил болох гэж байна.  


-Хот суурин газар ажиллаж амьдарч байгаад ирсэн юм байна шүү дээ. Анх ирэхдээ бодож байсан төсөөлөл бодит байдал дээр ямар байна?

-Хэдийгээр энэ нутагт төрж өссөн ч төв суурин газар олон жил амьдраад ирэхээр тухайн орчиндоо дасчихдаг юм билээ. Нутагтаа ирэхэд эхний саруудад үнэндээ жаахан хэцүү байсан. Гэхдээ мэдээж хайртай хүмүүстэйгээ хамт, зарлага бага, утаа, түгжрэл байхгүй гээд давуу тал мэдээж их. Нэгэнт өмнөө зорилго тавиад ирсэн болохоор санаснаа биелүүлэх хүртлээ тууштай зүтгэхээр шийдээд байгаа.

-Чиний хувьд залуу хүн, бас мэргэжлийн зураач. Ер нь энэ байдлаар цааш явахад боломж байна гэж харж байна уу, ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа вэ?

-Мэдээж залуу хүн учир цаашид мэргэжлийнхээ чиглэлээр илүү их сурч, боловсрох, өөрийгөө хөгжүүлэх зорилго бий. Үүний хажуугаар маш олон хүнээс ирж байгаа хүсэлтийн дагуу дугуйлангийнхаа хүрээг тэлж, хамрах хүрээгээ ч тэлэхийг зорьж байна. ер нь хүн ажлаа маш сайн төлөвлөөд хэрэгжүүлж чадвал орон нутагт илүү их боломж, нөөц байна гэж харах болсон.


-Дугуйланд хэчнээн хүүхэд суралцаж байна. Хүүхдүүдийн болоод эцэг эхчүүдийн хандлага ямар байна. Хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Өдрийн хоёр ээлжээр хичээллэдэг дугуйлан маань одоо 16 сурагчтай хичээллэж байна. Дугуйлан нээснээс хойш нэг жилийн хугацаанд давхардсан тоогоор 130 гаруй хүүхэд суралцсан. Мэдээж хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн хандлага, хамтын ажиллагаа эрс өөрчлөгдсөн. Наад зах нь хүүхдүүд маань удаан хугацаагаар тогтвортой суух, аливаа зүйлийг бүрэн гүйцэтгэлтэй хийх, талбайн орон зай, харьцааг олох, нэг нэгнээ хүндэтгэх, цаашлаад биеэ хэрхэн авч явах, хэрхэн харилцаа үүсгэх гээд олон зүйлд давхар суралцаж байгаа. Энэ бүх зөв дадал хэвшил болоод зурах талаас гарч байгаа ахиц дэвшилд эцэг эхчүүд маань их урамшиж, байнга талархлаа илэрхийлдэг. Энэ нь надад цааш илүү сайн ажиллах, хүүхдүүдээ сургах чин хүслийг минь нэмэгдүүлдэг.


-Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойн хүрээнд сурагчдынхаа бүтээлээр аймгийн төвд үзэсгэлэн гаргасан нь хүмүүст маш их хүрсэн. Тухайн үеийн сэтгэгдэл ямар байсан бэ?

-Мэдээж маш өндөр байсан. Ганц би биш хүүхдүүд маань, тэдний эцэг эхчүүд гээд бүгд баярлаж хөөрсөн хүмүүс байсан даа. Хүүхдүүдийнхээ бүтээлийг дэлгэчихээд олонд үзүүлээд, үзэгчдээс урмын үгсийг сонсоно гэдэг хамгийн том шагнал байсан. Цаашид ажиллах, илүү их хичээх урам зориг өгсөн үйл явдал бол үзэсгэлэн маань байсан. Баярлаж, догдолсон хүүхэд бүрийн нүдэнд оч гэрэлтэх тэр агшныг харна гэдэг бас л томоос том аз жаргал байдаг. Багш гэдэг мэргэжлийн сайхныг тэр үед мэдэрч, шавь нараа маш ихээр хайрлах сэтгэл төрдөг юм билээ.

-Дугуйлангийн хүүхдүүд дан ганц зураг зурах бус баримал бас хийдэг юм байна лээ?

-Тийм ээ. Би хүүхдүүдэдээ зураг зурахаас гадна баримал хийх аргыг мөн заадаг. Хүүхдүүдийн насанд тохирох хамгийн энгийн болоод цэвэр хэрэглээ бол баримлын шавар байдаг. Тиймээс бид хамтдаа баримлын шавраар амьтад, хүний цээжин хэсгийн хөрөг зэрэг бүтээлийг хийж сурсан. Үүнийгээ ч мөн үзэсгэлэнгийнхээ үеэр дэлгэж танилцуулсан.


-Суманд дугуйлангийнхаа үйл ажиллагааг тасралтгүй явуулахад сум орон нутаг хэрхэн дэмжиж хамтардаг вэ?

-Орон нутаг гэхээсээ илүү одоогоор Соёлын төвийн хамт олон маш ихээр намайг дэмжин ажиллаж байгаад талархаж явдгаа илэрхийлье. Бид одоо яг л нэг баг хамт олон шиг болсон. Мэдээж хөдөө суманд нэг үйл ажиллагаа явуулна гэхээр хамгийн түрүүнд байр савны асуудал хөндөгддөг. Энэ асуудлыг шийдвэрлэж, дулаан тохилог орчинд сургалтаа явуулах боломжийг соёлын төвийн хамт олон бүрдүүлж өгсөн.

-Дугуйлангийн цаашдын төлөвлөгөө юу байна?

-Ирэх сард манай дугуйлангийн нэг жилийн ой тохионо. Мэдээж ойгоо угтсан ажлуудаа төлөвлөн, эхнээс нь ажил хэрэг болгож байна. Ер нь манай дугуйлангийн цаашдын төлөвлөгөө зорилго бол дээр хэлсэнчлэн хүрээгээ тэлэх явдал. Хөдөө сумдад ийм төрлийн дугуйлан ингэж тогтмол хичээллэх нь ховор байдаг. Тэгэхээр бидний хувьд энэ хэвшмэл ойлголтыг үгүй хийж, сум төдийгүй аймагтаа анхдагч гэх тодотголтой олон үйл явдлын эзэн болсон дугуйлан болгохыг хүсэж байна.

-Уран зураг бол гоо зүйн боловсрол олгох маш том хөшүүрэг. Үнэхээр тогтвортой, үр дүнтэй хичээллэж чадвал сум орон нутгийн хүүхдүүдэд цаашлаад насанд хүрэгчдэд ч олон талын ач холбогдолтой байх?

-Тэгэлгүй яахав, энэ бол үнэн. Миний хувьд одоогоор орон нутагтаа ажиллах хугацаандаа өөрийн мэдсэн сурснаа бусдад харамгүй зааж сургах нь чухал байгаа. Надад нэг бодол байдаг. Төрөлх нутгаараа овоглосон олон мундаг соёлын зүтгэлтнүүд, соёл урлагийн салбарын чадварлаг мэргэжилтнүүд төрөн гараасай гэж. Тиймээс үүнийг бодит ажил хэрэг болгохын тулд эхлээд би өөрт байгаа чадвараа бусадтай хуваалцах, хүхэд багагчуудад уран зургаар дамжуулан гоо зүй, соёл хүмүүжлийн жаахан ч гэсэн мэдлэг олгох юмсан, цаашлаад тэд маань энэ салбартаа дагнан мэргэших нэгэн болох эхлэл суурийг нь зөв тавиад өгөхийг хүсдэг. Ирээдүйд насанд хүрэгчдэд ч гэсэн уран зургийн сургалтаа хичээллүүлэх төлөвлөгөө бий.

-Танд баярлалаа.

 

Related news