ГОВЬ-АЛТАЙ: Т.Галсан: Зодог шуудаг урлана гэдэг их нарийн оёж ширдэг хугацаа шаардсан ажил

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-30 14:17:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн соёлын биет бус өв болон биет бус өвийг өвлөн уламжлагчдыг таниулах, тэдгээрийн авьяас, уран бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа монгол бөхийн зодог, шуудаг урлал өвлөн уламжлагч Говь-Алтай аймгийн Тонхил сумын иргэн Самбуугийн Галсантай ярилцлаа. 


-Та хэзээнээс зодог шуудаг урлах болсон бэ, хэнээс хэрхэн суралцав?

-Би 1964 онд бүх цэргийн баяраар Цэргийн заан цол хүртсэн. Тэр цагаас хойш гурван жил дараалан шарлаж бас бага зэрэг бэртэл авсан учир барилдаж чадаагүй. Тэр үед Хөхморьт сумын харьяат Монгол Улсын заан У.Пүрэв надад нэг зодог, шуудаг эсгэж өгсөн. Тэрийг би яаж оёхыг нь заалгаад анх удаа оёсон. Түүнээс хойш бөхчүүд зодог шуудаг эсгэж өгөөч, оёод өгөөч гэдэг санал тавьдаг болсон. 


-Урлаж эхэлснээсээ хойш хэчнээнийг оёв?

-Анх оёж эхлэхэд залуучууд голчлон намайг зорьж ирж эсгүүлж, оёулах болсон. Тоолж байсангүй. Зодог шуудаг урлана гэдэг чинь их нарийн ажиллагаатай оёж ширдэг хугацаа шаардсан ажил шүү дээ. Оёулж байгаа хүнийхээ биеийн галбираас шалтгаалж эсгэх болон олон янзын оёдлоос сонгож урладаг. Анх арав гаруй залууд эсгэж өгсөн. Хамгийн сүүлд өөртөө нэгийг, аймгийнхаа музейд дурсгал болгон нэгийг оёж өгсөн. Одоо хараа муудаад оёж чадахаа байгаад байна.


-Зодог шуудгийн оёдлыг харахад их нарийн ширж урласан янз бүр харагддаг. Оёдолчноосоо шалтгаалаад өөр өөр байна уу?

-Нарийн байлгүй яахав. Зөвхөн шуудгийн уяаны оёо гэхэд л өргөн байх нь их сайн. Нарийн байх нь бөхчүүдийн хурууны өндгийг шалбалах эрсдэлтэй. Одооны зодог шуудаг маш гоё материалын сонголт өргөн, чанар сайжирчээ. Би анх элгэн материалаар хийж байгаад дараа нь торго даалимба тэгээд шүхрийн материал болох циклионаар өнгөлж даавуугаар доторлож хийдэг байсан. Харин утасны хувьд хадагны утсыг сэмлэж авч байгаад оёдог байлаа шүү дээ. Одоо мяндсаар оёдог болсон. Дээхэн үед ширээснийх нь ард хатуулга хийдэг байлаа. 


-Дээр үед зодгийн урд тал битүү байсан гэлцдэг. Таныг оёж урлаж эхлэхэд ямар байсан бэ?

-Энэ тухай хөгшчүүл ярьдаг байсан, кино ч байдаг шүү дээ. Битүү байсан. Товчхондоо бүстэй хүн наадам зодоглож түрүүлсэн учир зодгийн энгэрийг задгай оёдог болсон гэлцдэг. Тэр ч бүү хэл тухайн үедээ зодог шуудгийг эмэгтэй хүнээр оёулахаа больж эрэгтэй хүнээр оёулдаг болсон гэлцдэг. 

Монголчууд бид хэзээнээс бөх хүнийг хүндэлдэг. Үүний сацуу хувцас хэрэглэлийг нь хүртэл хоймортоо залж дээдэлдэг шүү дээ. Тэгэхлээр зодог шуудаг гэдэг бол яахын аргагүй бидний өв соёл юм. Энэхүү үнэт өв соёлыг оёж урладаг маань түүх болон үлдэж байгаад маш их баярладаг. 

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. 


Related news