ГОВЬ-АЛТАЙ: Хүүхдийг Ивээх Сан Говь-Алтай аймагт салбараа нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2023-01-16 12:38:25

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Японы хүүхдийг ивээх сан Говь-Алтай аймагт салбараа нээж, "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслийг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулав.

Тодруулбал, хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх, багш сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүд, хүүхдийн сурч хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжин сургах, сургууль ба хамтарсан багийн ажиллагааг сайжруулан бэхжүүлэх зорилгоор Японы хүүхдийг ивээх сангийн “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж эхэллээ. Төсөл энэ оны нэгдүгээр сараас 2025 оны 12 дугаар сарыг дуустал гурван жилийн хугацаанд хэрэгжих юм. 


Энэхүү төслийн хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, холбогдох албаны удирдлагууд Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай болон төслийн ажилтнуудтай нэгдүгээр сарын 16-нд уулзалт зохион байгуулж, цаашид хамтран ажиллах талаар санал солилцон, “Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь” төслийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг байгуулав.

Хүүхдийг ивээх сангаас тус аймагт хэрэгжүүлэх "Сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах нь" төслөөр багш, сургуулийн ажилтнууд, эцэг эхчүүдийг хүүхдийн сурч, хөгжих үйл явцыг хүчирхийллийн бус аргаар хэрхэн дэмжихэд сургах, сургууль ба хамтарсан багийн ажиллагааг сайжруулан бэхжүүлэх, улмаар эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхэд хамгааллын асуудалд анхаарч, хүүхэд хамгаалалд идэвхтэй оролцдог практикийг бий болгох бөгөөд сонгогдсон орон нутаг, ерөнхий боловсролын сургуулиуд, хамтарсан багтай хамтран ажиллах ажээ. Түүнчлэн хүүхдийн оролцоог дэмжих замаар тэдэнд тулгарч болзошгүй бэрхшээлийг даван туулах, үе тэнгийнхэндээ зөвлөн туслах ур чадварыг эзэмшүүлэх үйл ажиллагаануудыг төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөж тухайгаа Хүүхдийг ивээх сангийн менежер, суурин төлөөлөгч  Л.Баян-Алтай танилцууллаа.


Хүүхдийг Ивээх Сан нь тус аймагт "Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх" төсөл, "Хүмүүнлэгийн яаралтай тусламж үзүүлэх төсөл"-ийг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн юм. Үүнээс гадна Монгол Улсад "Ковид-19" цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зорилтод нийцүүлэн "Тархварзүйн хяналтыг дэмжих нь" төсөл хэрэгжүүлж 18 сумын эрүүл мэндийн төвийн эмч, сувилагчдыг сургаж чадавхжуулахын зэрэгцээ сумдын эрүүл мэндийн төвд хүчилтөрөгчийн баллоныг дагалдах хэрэгслийн хамт хүлээлгэн өгсөн. "Денан" эрүүл мэндийн санхүүжилттэй төслийг 2022 оноос Чандмань сумд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Related news