ГОВЬ-АЛТАЙ: Нутгийн өөрөө удирдах байгууллага байгуулагдсаны 30 жилийн ойн баярын хурал боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-11-29 19:17:16

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулсан баярын хурал боллоо. 


Түүхт ойн хүндэтгэлийн хуралд аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон аймгийн ИТХ-ын үе үеийн төлөөлөгчид, аймгийн Засаг даргаар ажиллаж байсан удирдлагуудын төлөөлөл, Хурлын ажлын албанд ажиллаж байгаа болон ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцлоо.

Баярын хурлыг Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж нээж үг хэлэн ирсэн зочид төлөөлөгчид мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ: 

-"Монгол Улсад Нутгийн өөрөө удирдлагын шинэ тотолцоо үүсч хөгжсөний түүхт 30 жилийн тэгш дүүрэн ойг тохиолдуулан шинэ тутам байгууллагыг хөгжүүлэх, төлөвшүүлэх, бэхжүүлэх, улам төгөлдөржүүлэх үйлсэд оюун бодол, мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн үе үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нарийн бичгийн дарга, Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, Зөвлөлийн гишүүд, Ажлын албаны нийт мэргэжилтнүүд болон аймгийн Засаг дарга нар, түүний Тамгын газрын хамт олонд халуун талархал илэрхийлж, ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Монгол Улс шинэ Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг зайлшгүй шинэчлэх, батлан мөрдөх шаардлагатай хуулиудын хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал анх 1992 онд 56 төлөөлөгч, 9 Тэргүүлэгч, орон тооны бус дарга, орон тооны нарийн бичгийн дарга ажиллаж байсан нь саяхан хэдий боловч 30 жилийг үджээ. Нутгийн өөрөө удирдах тогтолцоо жилээс жилд бэхжиж, 30 жилийн хугацаанд хэлбэрэлтгүй хөгжиж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжин улам боловсронгуй болж, орон нутгийн хөгжлийн бодлого зорилтыг тодорхойлох, ард иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд голлох үүрэгтэй нөлөө бүхий өндөр байр суурьтай байгууллага боллоо. Цааши аймаг, орон нутгийнхаа тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлт, ололт амжилтуудыг бэхжүүлж, иргэдийнхээ эрх ашиг, эв нэгдлийг дээдлэн эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм үүрэг, үндсэн зорилгоо та бид хамтдаа хэрэгжүүлж, ханган биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд хуралд оролцогчдод сайн сайхныг хүсэн ерөөсөн юм.

30 жилийн баярын хурлын үеэр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас Нутгийн өөрөөр удирдах байгууллагын түүхэн он цагийг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон хурлаас гарсан тогтоол шийдвэртэй холбоотой баримт бичгүүдийг дэлгэж олны хүртээл болгосон юм. Мөн Нутгийн өөрөө удирдах байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим Төлөөлөгч, Албан хаагчдыг орон нутгийн болон салбарын шагналаар шагналаа.

Related news