Сүхбаатар аймгийн удирдлагууд зургаан талт уулзалтад оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-08-19 18:09:05

Монгол Улсын гурван аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы гурван аймаг, хот хооорондын бүс нутгийн хамтын ажиллагааны хоёрдугаар чуулга уулзалт “Талын зам болон торгоны замыг холбож хамтын ажиллагааны коридорыг байгуулъя” уриатайгаар энэ сарын 11-13-ны өдрүүдэд БНХАУ-ын Тунляо хотод боллоо.

Уулзалтанд Монгол улсын Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг, Гаалийн ерөнхий  газар, Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн тэнхим, Монгол улсаас Хөх хотод суугаа ерөнхий консулын газар, Бичигт боомт, БНХАУ-аас Тунляо, Улаан хад, Шилийн гол аймаг, Ляонин мужийн Жинжөү, Фүшин хот, Жилин мужийн Сун Юан, Сипинь гэсэн нийт 17 аймаг, хот, байгууллагын 123 нэр бүхий төлөөлөгч нар оролцжээ.

Уулзалтанд Сүхбаатар аймгаас аймгийн Засаг дарга З.Энхтөр, Засаг даргын тамгын газрын дарга Ш.Мандахнар тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгаа төлөөлөн уг чуулга уулзалтанд оролцон 6 талт санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Сүхбаатар аймгийн зүгээс хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх, хамтран ажиллах боломж, нийгэм эдийн засгийн чиглэлээр илтгэл тавьж БНХАУ-ын ӨМӨЗО-ы Тунляо, Улаан хад Шилийн гол аймагтай тусгайлан уулзалт хийж дараах үр дүнд хүрсэн байна.

Тунляо хотын зүгээс Баруун-Урт суманд баригдаж буй 20 ортой Уламжлалт анагаах ухааны эмнэлгийн барилгын ажлыг гүйцээн ашиглалтанд оруулж, боловсон хүчин бэлтгэх талаар дэмжлэг үзүүлэх, Шилийн гол аймгийн хувьд Эрдэнэцагаан суманд шинээр байгуулагдаж буй Онцгой байдлын салбар ангийн нийт 300м2 бүхий оффисын барилга, дулаан граж, халаалт дулаан хангамжийн асуудлыг шийдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Т.Одончимэг

 

Related news