Монгол, Канад шууд нислэгтэй болох талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-09-16 09:55:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд Канадын Худалдааны ерөнхий комиссар, Гадаад хэргийн яамны туслах дэд сайд Сара Уилшоутай энэ сарын 15-нд уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар санал солилцов. 


Уулзалтаар Канадын худалдааны ерөнхий комиссарын газрын туршлага, үйл ажиллагааны загварыг Монголд нутагшуулах боломжийг судлах, худалдааны боловсон хүчнийг чадавхижуулах, цахим худалдааг хөгжүүлэх, хоёр улсын агаарын тээврийн шууд нислэгийг эхлүүлэх талаар ярилцлаа. Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд төрийн алба болон хувийн хэвшилд тусламж, зөвлөгөө өгөх, хоёр талын худалдааны зөвлөлдөх механизмыг төлөвшүүлэх, худалдааны чадамжийг өсгөх, стратегийн бодлого баримтлах талаар санал солилцов.

Related news