ГОВЬ-АЛТАЙ: Залуу харваач М.Будрагчаа Аймгийн гоц мэргэн цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-12 11:58:54

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүннү гүрний 2231, Их Монгол улсын 816, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101, Засагт хан аймгийн 464, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын Шагайн харвааны төрөлд арван багийн 80 харваач хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорилоо.


Оролцогчдоос багийн харвааны төрөлд тус аймгийн Тайшир сумын харьяат Монгол Улсын мэргэн М.Адъяабазар ахлагчтай “Хантайшир” баг нэгдүгээр байр, Монгол Улсын мэргэн Э.Даваадорж ахлагчтай “Буурал хайрхан” баг хоёрдугаар байр, Аймгийн гоц мэргэн Т.Цогномлха ахлагчтай “Хангарьд” баг гуравдугаар байр эзэлсэн байна.  Харин цуваа харвааны төрөлд нийт 80 харваач оролцсоноос Тайшир сумын харваач М.Баярцогт нэгдүгээр байр, Алтай сумын харваач Х.Нямболд хоёрдугаар байр, Тайшир  сумын харваач Э.Чимэд гуравдугаар байр эзэлжээ.


Энэ жил шинээр Аймгийн гоц мэргэн цолны болзлыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харваач М.Будрагчаа хангаж баяр наадмын үеэр үнэмлэх, тэмдгээ гардан авсан юм.  М.Будрагчаа шагайн харваан спортоор найман жил хичээллэж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд аймаг, сумын баяр наадам, заалны тэмцээнүүдэд тасралтгүй амжилттай оролцож буй Говь-Алтай аймгийн залуу харваачдын нэг юм.


Related news