ГОВЬ-АЛТАЙ: Монгол дархны болон гоёл чимэглэлийн эд хэрэглэлээр үзэсгэлэн дэлгэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-07 12:49:03

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг угтан Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “НҮҮДЭЛЧИН СОЁЛ-2022” үйл ажиллагааг М.Жанчив баатрын талбайд зохион байгуулж байна.

Орон нутаг судлах музейн хамт олон энэхүү үйл ажиллагаанд музейн сан хөмрөгт хадгалагддаг ховор үнэт эд өлгийн зүйлс болох монгол дархны урлал болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гоёл чимэглэлийн зүйлсийг дэлгэжээ. Тодруулбал, М.Жанчив баатрын талбайд түр байрлах Орон нутаг судлах музейн гэр музейд эрчүүдийн гоёл чимэглэл, эд хэрэглэл, бугуйвч, бөгж, морины эд хэрэглэл, эмээлийн баавар, даруулга зэрэг багтжээ. Мөн монгол дархны багаж хэрэглэл  дөш, хөрөө, мөнгөний дархны төрөл бүрийн багажууд, дэнс болон дархчуудын гол бүтээл болох монгол цоож буюу оньсон урлал зэргийг өрж байрлуулсан нь олны анхаарлыг ихэд татаж байлаа. Монголчууд алт, мөнгөн эдлэл хэрэглэлийг гоёл чимэглэл болон ахуйн хэрэглээндээ их хэрэглэж байсан нь эдийн өндөр соёлтой баян тансаг ард түмэн байдаг гэдгийг илтгэсэн сав суулганууд олонтаа харагдлаа. Тухайлбал, мөнгөн аяга, домбо, саахуу, завьяа зэргийг үзэсгэлэнд мөн дэлгэн харуулжээ. Үүний зэрэгцээ эмэгтэй хүний гоёл чимэглэл, толгойн боолт, үсний угийн, адгийн төрөл бүрийн даруулга, ээмэг, бөгж, бугуйвч зэргийг эгнүүлэн тавьж олон нийтэд таниулан үзүүлж байна.

Говь-Алтай аймгийн Орон нутаг судлах музейг 1947 онд байгуулсан ба өдгөө нийт иж бүрэн 2500, ширхэгээр тооцвол 10 000 орчим үзмэр хадгалагдан нийтийн хүртээл болж байгаа тухай музейн сан хөмрөгч Б.Сарангэрэл танилцуулсан юм.


Related news