Хоёр талын уулзалтууд үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-16 11:03:27

Ази-Европын дээд түвшний 11 дүгээр хуралдааны хүрээнд болж буй хоёр талын уулзалтууд өнөөдөр үргэлжилж байна.

Дээд түвшний уулзалтын хүрээнд нийт 80 гаруй хоёр талын уулзалт төлөвлөгдсөн. Гэхдээ зарим төлөвлөгдөөгүй уулзалтууд нэмэгдэж байгаа, зарим нь цуцлагдаж байгаа зэргээс энэ тоонд хэлбэлзэл гараад байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар өчигдөр 30 гаруй хоёр талын уулзалт хийсэн. Уулзалтууд Шангри-Ла зочид буудал болон "АСЕМ вилла" цогцолборт болж буй бөгөөд өчигдөр сүүлийн уулзалт 23.00 цагийн орчимд болсон юм.  

Өнөөдрийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Латви улсын Ерөнхийлөгч, АСЕАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Бангладеш улсын Ерөнхий сайдтай хоёр талын уулзалт товлосон байна. Үүнээс гадна Гадаад хэргийн сайд Д.Пүрэвсүрэн мөн гурван уулзалт төлөвлөжээ.  

АСЕМ-ын гишүүн орнуудын өөр хоорондоо хийдэг хоёр талын уулзалт нь АСЕМ-ын нэгэн чухал үйл ажиллагаа юм. Хоёр талын болон олон талын уулзалтаар улс орнууд холбогдох асуудлуудыг хөндөж, хэлэлцэн тохиролцон, шийдэлд хүрдэг.

Н.Гантуяа

 

 

Related news