"Эрсдэл хуваах" зээлийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын Сэргээн босголт хөгжлийн банк болон "Хас" банкны хамтран хэрэгжүүлдэг "Эрсдэл хуваах" зээлийн хоёрдугаар транчийн гэрээнд "Сүү" ХК болон талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.
"Сүү" ХК тус банкуудаас 4.8 сая ам.доллартой тэнцэх төгрөгийг санхүүжилтийг 5 жилийн хугацаатай авч, үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинэчлэн сайжруулах, шугамын өргөтгөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд зориулсан шинэ шугам, малчид фермерүүдээс хүлээн авдаг шингэн сүү бэлтгэлийн системийг сайжруулахад хөрөнгө оруулах аж. Санхүүжилтийг татан төвлөрүүлснээр "Сүү" ХК-ийн үйлдвэрийн бүтээмж дээшлэх, борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдэх, дэд бүтцийн хүчин чадал нэмэгдэх олон давуу талтай.
"Эрсдэл хуваах" гэрээний эхний транчийн 9.9 сая ам. доллартой тэнцэх төгрөгийн зээлийн санхүүжилтийг 2019 онд ЕСБХБ болон Хас банкаас авч, зориулалтын дагуу ашигласнаар борлуулалтын орлого, цэвэр ашиг тогтвортой нэмэгдсээр байна. Тодруулбал, энэ оны эхний хагас жилийн байдлаар "Сүү" ХК-ийн цэвэр ашгийн дүн 5.9 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 84 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.