Ханги боомт дахь тээврийн жолооч нарын тоог 136-аар нэмэгдүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-11 12:17:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хилийн Ханги боомт дахь экспортын ачаа тээврийг нэмэгдүүлэх үүднээс богины рейсийн тээвэр хийж буй жолооч нарын тоо 52 байсныг 136-аар  нэмэгдүүлжээ. Тус боомтыг "Ногоон бүс" болгох ажил 67.9 хувьтай хэрэгжиж байна. Ариутгалын пунктийг энэ сард багтаан бүрэн ашиглалтад оруулж, нийт 76 тэмдэг, тэмдэглэгээг суурилуулах, замын дагуу гортиг татах, ААН-үүдийн тусгаарлан ажиглах байрны стандартыг хангуулж буй талаар Ханги хилийн боомтын зөвлөлийн дарга, ажлын хэсгийн ахлагч дэд хурандаа Я.Түвшинбаатар мэдээллээ.




Хил, гааль дээрх ачаа тээврийн бөөгнөрлийг арилгаж экспортыг нэмэгдүүлэх нэг гарц нь Замын-Үүдээс гадна хилийн бусад боомтын үйл ажиллагааг сайжруулж ашиглах явдал хэмээн албаныхан үзэж байна. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн сарын сүүлээр Замын-Үүд хилийн боомтын үйл ажиллагаа, ачаа тээврий нөхцөл байдалтай танилцах үеэр хилийн бусад боомтын үйл ажиллагааг өргөтгөж, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм. 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь хилийн Ханги боомт энэ оны 7 дугаар сарын 22-ноос 8 дугаар сарын 5-ныг хүртэл 1,6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлэн ажиллажээ. 


Related news