Замын-Үүдээр өдөрт 50 вагон, 170 автомашин нэвтэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-07-31 17:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өчигдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очиж хилийн ачаа тээврийн нөхцөл байдал, нэвтрүүлэх цогцолборын барилга, Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хилийн тус боомт дахь бүтээн байгуулалтын зарим ажилтай газар дээр нь танилцлаа.




Замын-Үүдэд ажиллаж буй Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатарын танилцуулснаар одоогийн байдлаар Замын-Үүд боомтод 237, чөлөөт бүсийн хашаанд 1250 тээврийн хэрэгсэл хил нэвтрэхээр дараалалтай байна. Энэ сарын 1-ний байдлаар Замын-Үүд бүсийн гадна, дотор талд 2600 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг ийнхүү бууруулжээ. Тус хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлыг хийж хэрэгжүүлсний үр дүнд ачаа тээврийн эргэлтэд ахиц гарч буйг тэрээр хэллээ. 




Тухайлбал, ариутгалын автомат байгууламж 2-ыг ашиглалтад оруулж, тээврийн хэрэгслийг стандартын дагуу ариутгаж байна. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн боомтын хил дээр хүлээгдэж буй ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Хөх хот, Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, УБТЗ ХНН удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн 3 дахь замыг өчигдрөөс нээж эхэлсэн бөгөөд ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг 2 дахин нэмэгдүүлэх боломж бүрджээ. 

Эрүүл мэндийн болон хамгааах хувцас солих цэг байгуулж жолооч нарын халдвар хамгааллыг сахиулж байна. Мөн Замын-Үүд суманд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээг зохион байгуулж, 10 хоног хэсэгчилсэн хязгаарлалт тогтоож халдварыг хумьж эхэлжээ. Замын-Үүд суманд “ковид-19” цар тахлын идэвхитэй 45 кластер байсан бол тав нь бүрэн хаагдаж, 19 кластер халдвар идэвхигүй болжээ. Эдгээр үйл ажиллагааны хүрээнд Эрээн,  Замын-Үүд боомтоор нэвтрэх экспорт, импортын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдсэнийг холбогдох албаныхан хэллээ. 


Одоогийн байдлаар Замын-Үүдийн Эдийн засгийн чөлөөт бүсэд 50 гаруй ААН үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшиж, хөрөнгө оруулаад байна.


Хилээр өдөрт  нэвтрэх экспортын автомашины тоо 110, импортынх 150-170  болжээ. Мөн өдөрт 50 вагоноор Эрээний хил дээр гацсан ачаа барааг Улаанбаатар руу тээвэрлэж байна. Төмөр замын тээвэрлэлтэд Дотоодын цэргийн алба хаагчдыг дайчилж байна. Нэг вагонд 65 тонн ачаа ачдаг гэж тооцоход өдөрт 200 гаруй автомашин  ачаа хилээр нэвтэрч орж ирж байна гэсэн үг юм. 

Одоогоор Эрээний  хил дээр задгай талбайд барааны бөөгнөрөл, ачаатай саатсан тээврийн хэрэгсэл байхгүй байна. Харин агуулахад удаан хугацаанд саатсан ачааг 8 дугаар сард багтааж нийслэл рүү тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. Шадар сайд С.Амарсайхан эдгээр ачаа барааг 8 дугаар сарын эхний 7 хоногт багтааж,  оруулж дуусгах чиглэл өглөө. Мөн тээврийн үнийг  зохиомлоор хөөргөж байгаа байдлыг шалгаж арга хэмжээ авахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болголоо.





Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүд боомтод барьж буй хилийн нэвтрэх цогцолборын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахыг мөн үүрэг болгов Тус боомтыг өргөтгөж шинэчилснээр өдөрт дунджаар  суудлын 4000, том оврын 500 гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдэнэ. Ингэснээр зорчигч тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 4, ачаа тээврийнх 3 дахин нэмэгдэх юм. 2019 оны 9 дүгээр сард эхэлсэн барилгын ажил өдгөө 41 хувийн гүйцэтгэлтэй байна. Халдварын цар тахалтай холбоотойгоор материал болон ажилчдыг татан авч чадаагүй зэрэг шалтгааны улмаас төлөвлөгөөт хугацаанаас 20 гаруй хувиар хоцорч байгааг "Хөгжлийн хөтөч" төслийн удирдагч Ж.Ганболд танилцуулсан юм.




Одоо барилгын материал тээвэрлэлт, хөрөнгө санхүүтэй холбоотой гацаа арилсан тул нөөц боломжоо бүрэн дайчилж хилийн боомтын өргөтгөлийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг Шадар сайд даалгалаа. Мөн Замын-Үүд боомтод баригдаж байгаа мэргэжлийн хяналтын лабораторийн барилгыг энэ онд багтаан ашиглтад оруулах үүрэг өглөө. Тус лабортари ашиглалтад орсноор хилээр орж ирэх бараа бүтээгдэхүүний хяналт сайжирна гэж үзэж байна.




Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Дорноговь аймагт ажиллах үеэрээ “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцлаа. “Замын-Үүд” Эдийн засгий чөлөөт бүс энэ оны 8 дугаар сарын 14-нд нээлтээ хийж, байнгын үйл ажиллагаатай болох гэж буй талаар чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хэлсэн юм. Одоогийн байдлаар чөлөөт бүсэд 50 гаруй ААН үйл ажиллагаа явуулахаар газар эзэмшиж, хөрөнгө оруулаад буйг тэрээр мэдээллээ. 


Шадар сайд С.Амарсайхантай хамт УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Сарангэрэл, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, МХЕГ-ын дарга Т.Гантулга нар Замын-Үүд боомт дахь нөхцөл байдалтай танилцав. Энэ үеэр аймгийн Засаг дарга О.Батжаргал, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мөнхбаяр нар цаг үеийн мэдээлэл өглөө. 




Related news