ХК-иудыг тайлангаа хугацаандаа ирүүлэхийг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам компани, ААН-үүдийн энэ оны хагас жилийн санхүүгийн тайланг хүлээн авах хугацааг энэ оны 7 дугаар сарын 24-н хүртэл сунгаад байна. Үүнтэй холбогдуулан хагас жилийн санхүүгийн тайлангаа сунгасан хугацааны дотор багтаан ирүүлж, хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Монголын Хөрөнгийн биржээс тус биржид бүртгэлтэй нийт хувьцаат компанид анхаарууллаа.
Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компани нь Монгол Улсын “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн 20 дугаар зүйлийн 20.1.6, “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.4 дахь заалтад заасны дагуу хагас жилийн санхүүгийн тайланг 7 дугаар сарын 20-ны дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй байдаг билээ. Заасан хугацаанд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Монголын Хөрөнгийн бирж зөрчлийн талаар олон нийтэд болон СЗХ-нд мэдэгдэж, цаашид зөрчил давтсан тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон Бүртгэлийн гэрээнд заасан хариуцлагын арга хэмжээг ногдуулахыг анхааруулав.